Цахим мэдээ
Хаана

"Нарантуул II" зах дээр махны үнэ 20 мянгыг давлаа: “Ашиг 1000–4000 төгрөг, гол өсөлт малчид дээр байна” гэв

                                                       Сар шинийн баяраас хойш тасралтгүй өсөж байгаа махны үнийн талаар товч сурвалжлага бэлтгэлээ. 

Сэтгүүлч: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Нарантуул II худалдааны захад махны үнэ хэдтэй байна вэ?

Махны худалдагч: Эгч нь хонины мах зардаг. Өнөөдрийн байдлаар ястай хонины махыг 15,500–16,000 төгрөгөөр авч, цул махыг 20,000–20,500 төгрөгөөр зарж байна. Эрэлт хэрэгцээ маш бага, нөөцийн болон хадгалсан мах ч ховор байна. Одоо ер нь баярын өмнөх хадгалсан махаа бага багаар гаргаж байна. 

Сар шинийн үеэр 19,000 төгрөгөөр зарж байсан мах одоо 20,000 давчихаар хүмүүс их цочирдож байна.

Гэхдээ бид үнэ “хөөргөж” байгаа юм биш. 1000 – 4000 төгрөгийн л ашиг харж ажиллаж байна. Мах нийлүүлэлт дээр асуудал их бий. Зарим гулууз дотор өөхөө авч хаяад, гэдэс дотрыг нь цэвэрлэлгүй өгдөг. Өөхийг нь ялгаж ашиг олох гэж их хаягдал үүсдэг. Тэрийг цэвэрлэж янзлаад ашиг гаргана гэдэг амаргүй. Эцэст нь махаа шулж, янзалж байгаа бидэнд л илүү хохирол ирдэг.

Сэтгүүлч: Тэгэхээр үнийн өсөлт малчдаас шууд хамааралтай гэж ойлгож болох уу? Олон дамжлага дамжсаар үнэ өсдөг гэж ярьдаг шүү дээ.

Махны худалдагч: Ченжүүд дамладаг гэдэг ч малчид өөрсдөө өндөр үнээр өгч байна. Малчид ченжид хямд өгвөл ченж 500–1000 төгрөг л нэмнэ. Харин амьдаар нь газар дээрээс авах гэхээр нэг үхэр 6 сая төгрөг, хонь 600 мянгад хүрсэн байна. Урьд нь хонь 200–300 мянгад байсан. Ченж унааны зардлаа гаргаад, жижиглээд зарахад 300–400 мянган төгрөгийн ашиг харах боломж хязгаарлагдмал. Ингээд бодохоор үнийн өсөлтийн эх үүсвэр малчдын тогтоосон ханш дээр л байна.

Сэтгүүлч: Иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ?

Махны худалдагч: Маш бага. Одоо хүмүүс 500 грамм, 1 кг-аар авч байна. Цайны газрууд ч 5–10 кг-аас хэтрэхгүй. Өмнө нь хэдэн шуудай, зуун зуун кг-аар авдаг байсан. Одоо 20 кг мах авбал баярладаг боллоо. Өндөр настай хүмүүс мөнгөө тоолж, арай хүрэхгүй байгааг харахад хэцүү байдаг. Сайн чанарын мах тогтмол ирэхгүй, хатсан, дотор өөх ихтэй мах их ирж байна.

Сэтгүүлч: Та аль аймгийн мах оруулж ирдэг вэ?

Махны худалдагч: Тогтсон аймаг байхгүй. Олдож байгаа газраас нь авна. Баруун аймагт олдохгүй бол зүүн зүг, говь гээд боломжтой газраас нь авч, арай гайгүй махаар ашиг гаргахыг хичээж байна.

Сэтгүүлч: Сошиалаар гаднын иргэд Монголын махыг ихээр авч гаргаж байна гэх мэдээлэл явдаг. Таниас гаднын иргэд худалдан авалт хийдэг үү?

Махны худалдагч: Манайд бол ил харагддаггүй. Гэхдээ гаднын худалдан авалт хэсэг зогсохоор махны үнэ нэлээд унадаг нь ажиглагддаг. Тэд авахгүй 7 хоног болоход мах ихээр орж ирээд, нөөцлөгдөж, ханш бага зэрэг буурдаг. Гэхдээ мах хөлддөг улиралд ч үнэ дорвитой бууна гэсэн зүйл одоогоор алга.

Нарантуул II худалдааны захын худалдаачдын хэлж буйгаар махны жижиглэнгийн үнэ 20 мянган төгрөг давсан нь тэдний ашиг нэмэгдсэнтэй холбоогүй бөгөөд малчдын анхан шатны тогтоосон ханш голлон нөлөөлж байна. Иргэдийн худалдан авах чадвар буурч, ихэнх нь 0.5–1 кг-аар авч байгаа нь зах зээлийн бодит дүр зургийг илэрхийлж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин