Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид логик сэтгэлгээ, үндэслэл баримтад тулгуурласан уран илтгэх чадвараараа өрсөлдлөө. Хоёрдугаар сарын 28-нд “Бадрах Энержи” ХХК-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан мэтгэлцээн, илтгэх урлагийн тэмцээн Сайншанд хотын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд амжилттай боллоо. Энэхүү тэмцээнд орон нутгийн 100 гаруй сурагч оролцсон юм. Хоёр үе шаттай явагдсан тус тэмцээнд Сайншанд, Иххэт, Дэлгэрэх, Замын-Үүд, Айраг, Даланжаргалан сумдын нийт 100 орчим ахлах ангийн сурагч оролцсон байна.
Оролцогчид:
Уул уурхай ба орон нутгийн хөгжил
Сурагчдад тулгамдаж буй асуудал
Мөрөөдөл ба зорилго
Эх орны хөгжил дэх залуусын оролцоо
Амжилтын утга учир
Хиймэл оюун ухаан
зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл тавьж, өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэв.
Тэмцээний дүнгээр:
Гуравдугаар байр – Зүүнбаян сургуулийн 10А ангийн сурагч Г.Энхсаран
Хоёрдугаар байр – Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Алтангэрэл
Нэгдүгээр байр – Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч А.Номин
Ялагчид их сургуулийн нэг жилийн сургалтын төлбөрийн 50–100 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэлэг хүртлээ.
Хоёрдугаар байр эзэлсэн Б.Алтангэрэл сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Нэгдүгээр шатанд ‘Амжилт гэж юу вэ?’ сэдвээр илтгэл тавьж, амжилт бол амьдралын хамгийн үнэ цэнтэй мэдрэмж бөгөөд түүнд хүрэхэд тусалсан хүн бүхэнд талархах учиртай гэсэн санааг илэрхийлсэн. Харин хоёрдугаар шатанд ‘Үүлэн чөлөөний нар’ сэдвээр илтгэл тавьж, хэн нэгний сэтгэлд хурсан үүлийг сарниулах гэгээн нар нь байгаарай гэсэн утгыг хүргэхийг зорьсон. Бид эх орныхоо тусгаар тогтнол, үнэт зүйлсийг үргэлжлүүлэх гэрэл гэгээ нь байх ёстой.”
“Бадрах Энержи” ХХК нь Дорноговь аймагт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, боловсролыг дэмжих чиглэлээр олон жилийн турш тууштай ажиллаж ирсэн. Үүнд:
2010 оноос хойш – Нийт 93 оюутанд их сургуульд суралцах нийт хугацааг хамарсан тэтгэлэг олгосон
2023 онд – МУИС, ШУТИС болон Сайншандын Политехникийн коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан
2024–2025 онд – Газар доор уусган олборлох технологийн чиглэлээр 6 модуль сургалтыг МУИС, ШУТИС-ийн багш, оюутнуудад зохион байгуулсан
2025–2026 онд – Сайншанд хотын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан мэтгэлцэх, илтгэх урлагийн 6 удаагийн цуврал лекц болон мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг хэрэгжүүлсэн
Мэтгэлцээн бол чанга ярих бус, логик үндэслэл, баримтад тулгуурлан илэрхийлэх ур чадварын талбар гэдгийг Уинстон Черчилль онцлон хэлсэн байдаг. Энэхүү тэмцээн нь орон нутгийн залуусын илтгэх ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх