Цахим мэдээ
Нийгэм

ИРГЭН НАРАНЦАЦРАЛ: ДЭРЭН ДЭЭРЭЭ УЙЛЖ ХОНОСОН ОЛОН ШӨНӨ БАЙСАН

Сэтгүүлч: Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе.Өөрийгөө танилцуулахгүй юу

Иргэн: Намайг Наранцацрал гэдэг чингэлтэй дүүргийн иргэн, хүүтэйгээ хоёулаа амьдардаг өрх толгойлсон ээж

Сэтгүүлч: Захын хорооллоор гэлтгүй иргэдийн худалдан авах чадвар амьдралын түвшин хэр байна?

Иргэн: Маш хүнд байна. Би ганцаараа ажил хийдэг. Хүүг маань насанд хүрээгүй гэх шалтгаанаар ажилд авдаггүй, би гадуур явж гуйж байж барилгын ажилд оруулсан боловч барилгын ажил улирлынх байдаг учир одоо ажил нь зогссон ганцаараа л энэ амьдралын төлөө зүтгэж байна. 

Сэтгүүлч: Та ямар мэргэжилтэй вэ? бас хүү тань мэргэжил эзэмшсэн үү

Иргэн: Би залуудаа бүжгийн багш хийдэг байсан боловч 10-аад жилийн өмнө бэртэл гэмтэл аваад багшийн ажлаасаа чөлөөлөгдсөн. Хүү маань одоо 20 настай гагнуурын анги төгссөн боловч ажилд орьё гэхээр багаж хэрэгслээ өөрөө авч ирэхийг шаарддаг тул оруулж чадахгүй байна.

Сэтгүүлч: Одоо та хаана ямар ажил хийж байгаа вэ? 

Иргэн: Хан-Уул дүүрэгт 14 давхар орон сууцанд цэвэрлэгч үйлчлэгч хийгээд 12 жил болж байна. Манай хамт олон, оршин суугчид сайхан хүмүүс байдаг учраас надад хувцас хунар гээд илүүчилж сайхан сэтгэлээр ханддаг.

Сэтгүүлч: Сая Монгол түмний өргөн дэлгэр тэмдэглдэг сар шинийн баяр болж өнгөрлөө. Танай гэр бүл сар шинийн баярын хэрхэн тэмдэглэв

Иргэн: Баян цатгалан мах идээ тавьж чадахгүй ч өөрийхөө хэмжээнд жаахан боорцог ганц ширхэг еэвэн аваад ширээн дээрээ тавьсан. Бүх цалингаараа юм авчихаар дараа сар нь би хоолгүй хонох болно. Ажлын хамт олон болон нутгийнхан маань ирж надад золгодог учраас сар шинээ гаргадаг.

Сэтгүүлч: Та өнөөдөр ажлаасаа эрт тарж ирээд байж байна уу?

Иргэн: Дээр дурьдсан даа. Би 10аад жилийн өмнө өвдөг нуруундаа гэмтэл бэртэл авч одоо байнгын эм тариа хэрэглэж өвчнөө намдаах төдий явж байна гэж. Өнөөдөр нуруу хөл өвдөг маань өвдөөд савтай цэвэрлэгээний усаа ч өргөж дийлэхгүй байсан учир өөрийгөө амраая гээд эрт ирсэн. Эмчлүүлье гэхээр мэдээж эм тарианы тогтмол мөнгө байхгүй учраас хальт намдаах төдий л өөрийгөө хуурч явж байна даа. 

Сэтгүүлч: Та хэдэн төгрөгний цалин авдаг вэ? Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өссөн энэ үед 2 хүнд хүрэлцдэг үү?

Иргэн: 850 мянган төгрөгийн цалин авдаг. Мэдээж яагаад ч хүрэлцдэггүй, одоо юмны үнэ ямар байгаа билээ. Хааяа гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс мах, гурил, будаа, талхаа зээлж авдаг. Миний амьдралыг мэддэг, архи тамхи хэрэглэдэггүйг минь мэддэг учраас зээлнэ.

Сэтгүүлч: Энэ амьдарч буй хашаа тань түрээсийнх үү?

Иргэн: Сарын 150 мянгаар түрээслэдэг. Одоо үед хамгийн багадаа түрээсийн хашаа 150 мянга гэж байгаа. Энэ амьдарч байгаа гэр маань шалгүй уруу намгархаг тийм л гэр. Хамгийн хямд гэсэн газраар л дамжин нүүн амьдарч байна даа.

Сэтгүүлч: Та хоолгүй хонож байсан үе бий юу? 

Иргэн: Байлгүй яахав ээ. Миний бие өвдөөд босч чадахгүй хоёр гурав хоног хоолгүй дэрэн дээрээ уйлж хоносон хоногууд байсан. Цайны дүрэх ч идээгүй ажлынхныхаа хэрэглэсэн цайны идээг уутанд боож авчираад усанд дүрж уудаг байсан. Хааяа ил нэг авна хааяа ичиж санаа зовж нууцаар авна тийм л үеүүд байдаг. 

Сэтгүүлч: Улсын эмнэлгээр үйлчилгээ авч эмчилгээ хийлгэж үзсэн үү?

Иргэн: Очиж үзүүлье эмчлүүлье гээд эрүүл мэндийн даатгал төлдөггүй учир үйлчилгээ авч чаддаггүй. Эм тариагаа авъя гээд ч чаддаггүй. Би эмээ авчихвал цалингаас минь л хорогдоно хоосон хонох болно.

Сэтгүүлч: Та сонгуулийн саналаа өгдөг үү? 

Иргэн: Миний үүрэг гэж боддог учраас саналаа өгдөг. Үүргээ биелүүлчихээд эрхээ эдэлж чадахгүй ийм л нийгэмд амьдарч байна даа

Сэтгүүлч: Та энэ амьдралд хэн нэгэнд гомддог уу?

Иргэн: Бидний амьдралыг яаж байна гээд бодит үнэнг ирж харж үзэж хайхрахгүй байгаа төрд байгаа хүмүүүст л гомдож байна даа.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин