Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Авлигатай тэмцэх газраас “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг саатуулсан мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж, төмөр замын салбар дахь авлигын асуудлыг дахин сөхөж байв. Тухайн үед хууль хяналтын байгууллагын мэдээллээр, албан тушаалын давуу байдлаа ашиглан хахууль авсан байж болзошгүй ноцтой хэрэг гэж үзэж байсан юм. Хэргийг тодруулбал, Ж.Пунцаг нь Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбатаас удаа дараагийн гүйлгээгээр 7.9 сая төгрөгийн хахууль авсан, мөн өөрт хамаарал бүхий 13.1 сая төгрөгийн өр төлбөрийг 2021 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд түүгээр төлүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгагдсан. Харин З.Үнэнбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, деподоо бараа материал нийлүүлэх замаар давуу байдал олж авсан үйлдлээ нуун дарагдуулахын тулд Ж.Пунцагт хахууль өгсөн гэж үзсэн байдаг.
Энэ үндэслэлээр прокурорын байгууллагаас Ж.Пунцагт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Харин 2024 оны аравдугаар сарын 28-нд болсон анхан шатны шүүх хурлаар Ж.Пунцагт нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 12 сая төгрөгийн торгууль, З.Үнэнбатад нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, дөрвөн сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэр гарсан юм. Гэвч шүүгдэгчид уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан. Ингээд дөрвөн жилийн турш үргэлжилсэн уг хэрэг өнгөрсөн долоо хоногт дахин шүүхийн шатанд хэлэлцэгдэж, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Пунцаг нарын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Шийдвэрийн “өөрчлөлт” ба асуулт үлдсэн нь:
Энэ хэргийн явц олон нийтийн дунд хэд хэдэн асуултыг дагуулж байна. Нэгдүгээрт, анх авлигын шинжтэй, нотлох баримт хангалттай гэж үзэн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн хэрэг яагаад хэдэн жилийн дараа “гэмт хэргийн шинжгүй” болж хувирав. Хоёрдугаарт, анхан шатны шүүхээс өмнө нь буруутай гэж үзэн шийтгэл ногдуулсан шийдвэр гарсан байхад дараагийн шатанд эсрэг дүгнэлт гарсан нь мөрдөн шалгах ажиллагааны чанар, нотлох баримтын үнэлгээ, эсвэл шүүхийн практиктай холбоотой юу гэдэг асуулт гарч ирнэ.Гуравдугаарт, олон нийтэд авлигын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг мэт харагдаж байсан хэрэг ийнхүү “гэмт хэргийн шинжгүй” гэж хаагдах нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд итгэх итгэлд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал юм.
Авлигын шинжтэй хэргүүд олон жил үргэлжилж, эцэстээ хэрэгсэхгүй болох тохиолдол давтагдах нь Монголын шүүх, хууль хяналтын байгууллагын өмнө тулгамдсан томоохон сорилт болоод байна. Хэрэг эхлэхдээ дуулиан тарьж, олон нийтэд “авлигатай тэмцэж байна” гэсэн дохио өгдөг ч төгсгөл нь тодорхой бус, эсвэл огт өөр үр дүнд хүрэх нь элбэг. Энэ нь зөвхөн нэг хэрэгт хамаарах асуудал биш. Харин мөрдөн шалгах ажиллагааны чанар, нотлох баримтын тогтолцоо, шүүхийн үнэлгээний зөрүү зэрэг системийн асуудлыг хөндөх шалтгаан болж байна. Хэрэв анхнаасаа гэмт хэргийн шинжгүй байсан бол дөрвөн жилийн турш шалгаж, шүүхийн шат дамжуулан хэлэлцэх шаардлага байсан уу? Харин үнэхээр гэмт хэргийн шинж байсан бол яагаад эцэст нь хэрэгсэхгүй болов? Эдгээр асуултад тодорхой хариу өгөхгүй бол “авлигын хэрэг” гэх ойлголт олон нийтийн нүдэнд бодитой хууль зүйн асуудлаас илүүтэй улс төр, ашиг сонирхлын хэлбэлзэл мэт харагдах эрсдэл бий. Тиймээс энэ хэрэг нэг хүний буруутай, буруугүй асуудлаас илүүтэйгээр Монголын авлигатай тэмцэх тогтолцоо хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг дахин харах шаардлагатайг харуулсан тохиолдол болж үлдэж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх