Сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлт, хүүхэд хүүхдээ зодож танхайрах явдал нийгмийн анхаарлын төвд орж, цахим орчинд олон нийтийн шүүмжлэл, хэлэлцүүлгийг дагуулж байна. Эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдээ бусдын гарт зодуулж, доромжлуулж байгааг харах нь хамгийн эмзэг, сэтгэл өвтгөм асуудлын нэг. Хэдий төр, хууль хяналтын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах олон арга хэмжээ авч байгаа ч үе тэнгийн дээрэлхэлт тасрахгүй байгаа нь нийгмийн анхаарах ёстой том асуудал хэвээр байна.
Статистик мэдээллээс харахад энэ асуудал бодитойгоор оршиж байгааг илтгэнэ. Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад бүртгэгдсэн нийт 146,476 гэмт хэргийн 10,164 буюу 6.9 хувь нь хүүхэд хохирсон хэрэг байна. Мөн энэ хугацаанд үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 88.9 хувь нь нийслэлд гарсан байна.
Үүнээс гадна хүүхдийн тусламжийн 108 утсанд 2024 онд үе тэнгийн хүчирхийлэлтэй холбоотой 1052 дуудлага ирсэн нь энэ төрлийн асуудал хүүхдүүдийн дунд бодитойгоор оршиж байгааг харуулж байна.
Эдгээр тоо баримт нь үе тэнгийн дээрэлхэлт нийгмийн бодит асуудал гэдгийг харуулж байгаа ч нөгөө талдаа олон нийтийн хандлага заримдаа хэт нэг талыг барих хандлагатай болж байна. Ялангуяа сургуулийн орчинд болсон аливаа хэрэг гармагц багш, сургуулийн удирдлагыг буруутгах, ажлаас нь чөлөөлөхийг шаардах явдал цахим орчинд түгээмэл болсон. Гэвч багш сурган хүмүүжүүлэгчийн үүрэг нь хүүхдэд академик боловсрол олгох, зөв чиглэл өгөх болохоос хүүхдийн үндсэн хүмүүжлийг бүрэн хариуцах цорын ганц тал биш юм. Хүүхдийн зан төлөв, хүмүүжил хамгийн түрүүнд гэр бүлийн орчноос эхэлдэг. Хүүхэд ямар орчинд өсөж хүмүүжинэ, тэр орчин нь түүний зан ааш, хандлагад шууд нөлөөлдөг. Хатуухан хэлэхэд хүүхдийн хэрцгий, танхай зангийн үндэс нь ихэнхдээ гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байдаг. Мэдээж сургууль тодорхой гомдол, асуудалд анхаарал хандуулахгүй, хариу арга хэмжээ авахгүй байх тохиолдолд сургуулийн буруу байж болно. Гэвч багш, удирдлага мэдээлэлгүй байсан, эсвэл гэнэтийн байдлаар гарсан үйлдэлд шууд тэднийг буруутгах нь бодит байдлыг гажуудуулж байгаа хэрэг юм. Нөгөө талаас зарим эцэг эхчүүд хүүхдээ бүрэн хянахгүй, бүх хүмүүжлийг сургуульд даатгасан хандлага ажиглагддаг. Үүнээс үүдэн хүүхэд хэт дураараа, өөрийнхөөрөө өсөх нь бий. Эцэг эхээсээ үг сонсож, хариуцлага хүлээж өсөөгүй хүүхэд том болоод багшаас ч үг сонсохгүй байх тохиолдол цөөнгүй.
Үүний тод жишээ бол нэг багштай, нэг ангид сурч байгаа хүүхдүүдийн зан араншин эрс ялгаатай байдаг явдал юм. Энэ нь хүүхдийн хүмүүжил зөвхөн сургуулиас бус, гэр бүлийн орчноос ихээхэн шалтгаалдаг гэдгийг нотолж байна.
Тиймээс хүүхдийн буруу үйлдлийн золиос хэн нэгэн байх ёсгүй. Хүүхэд алдаа гаргасан бол эхлээд бурууг бусдаас хайхаасаа өмнө эцэг эх, асран хамгаалагчид өөрсдөөсөө болон хүүхдээсээ асуудлын шалтгааныг хайх хэрэгтэй. Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахын тулд зөвхөн сургууль, багш нарын үүрэг хариуцлага биш, гэр бүл, сургууль, нийгэм гурвын хамтын оролцоо зайлшгүй шаардлагатай. Хүүхдийн хүмүүжил гэр бүлээс эхэлж, сургуульд төлөвшиж, нийгэмд баталгааждаг. Тиймээс бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол буруутанг хайх биш, харин хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, бусдыг хүндэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд хамтдаа анхаарах явдал юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх