Өнгөрсөн баасан гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн санг "Чингис сан" гэж нэрлэхээр шийдвэрлэсэн. Ийнхүү сангийн нэрийг өөрчилснөөр ямар өөрчлөлт гарах вэ? Энэ асуултад Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хариултыг өгч байна.
-Энэ нь зөвхөн нэр өөрчилж буй хэрэг биш. Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
Тус тогтоолоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилж, 2025 оны зорилтот түвшинг хангуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан.
Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр “Чингис сан” гэж нэрлэхээр тогтлоо.
Хөгжлийн сангаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгосон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.
“Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэж хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх