Эм хангамжийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн гарц шийдлийг хэлэлцэх зорилгоор “Эм зүйн удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Салбарын бүх оролцогч талууд нэг дор цуглаж, бодлогоо ярилцаж буй нь чухал. Эмийн ханган нийлүүлэлтийн тогтолцоонд төр хувийн хэвшлийн хийж ирсэн ажлыг булааж авах бодлого огт байхгүй. Харин эмийн логистик, хадгалалт, түгээлт, дистрибьютерийн тогтолцоог хувийн хэвшлийн чадавх, туршлага дээр тулгуурлан илүү үр ашигтай болгох бодлого баримталж байгааг онцлов.
Төрөөс хийх гол ажлууд нь бодлогын зохицуулалт, чанар аюулгүй байдлын хяналт, ил тод шударга зах зээлийн орчныг бүрдүүлэх юм.
Нэгдсэн худалдан авалтын тогтолцоог үе шаттай хэрэгжүүлэхдээ ч эмийн тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог бүрэн хадгалж, хамтын ажиллагаанд тулгуурлана.
Мөн эмийн үнийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор em.hdc.gov.mn системийг e-barimt аппликейшнд холбон хөгжүүлж, 2.200 гаруй эмийн үнийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон. Цаашид эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг хэрэгжүүлнэ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх