Цахим мэдээ
Тойм

Иргэд баялгийн хувь хүртэх нь ихэс дээдсийн хишиг биш шүү

Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаасаа тэгш, шударгаар хувь хүртэх асуудал олон жилийн турш будилаантай явж ирсэн билээ. Харин Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улс төрийн нам хүчнүүд сонгуулийн мөчлөгөөр баялгийн хувь хүртээх амлалт өгөх замаар оноо авдаг, халамжийн системийг гүнзгийрүүлдэг буруу жишгийг халах эхлэл тавигдсан. Тодруулбал, 2019 онд Үндсэн хуулийн зургадугаар зүйл дэх баялгийн хуваарилалттай холбоотой агуулгыг "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ...

...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно..." хэмээн өөрчлөн найруулсан юм. 

Энэ дагуу Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэд хувь хүртэх асуудал бага багаар урагшилж буй. Мөн л энэ зарчмын дагуу өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас шийдвэр гаргаж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд тодорхой хэмжээний ногдол ашиг хуваарилсан нь тийм ч их гайхаж бишрээд юм уу, шүүмжилж үгүйсгээд байх зүйл ер биш. Энгийнээр бол Үндсэн хууль хэрэгжиж байгаа л нэг хэлбэр.

Гэтэл уул уурхайн баялгаас хувь хүртээх бүрд л нийгмийн зарим бүлэг хэсгээс янз бүрийн алиа марзан байр суурь цухалзахыг яана. Зарим нь төр засаг минь биднийгээ харж үзэж, хайрлаж энхрийллээ гэж залбирах нь холгүй юм болно. Нөгөө талд нэг их тарган цатгалан улс "Ийм хоёрын хооронд мөнгө өгч байхаар нийлүүлж байгаад үйлдвэр барьцгаая, том төсөлд хөрөнгө оруулъя" гэж ирээд л цэцэрхэнэ. Бас нэг хэсэг нь энэ бол маш буруу жишиг, халамж, инфляци хөөрөгдлөө... гээд л түмэн янзаар хандацгааж байна. Монгол шиг уул уурхайгаас эдийн засаг нь үнэмлэхүй хамааралтай улс нийт иргэндээ баялгийн хувь хүртээх асуудлыг их бага ч хамаагүй алхам алхмаар шийдвэрлэхээс өөр ямар ч сонголтгүй. Тэгэхгүй бол зөвхөн эрх мэдэлтэй цөөн хэсэг нь хагартлаа идэж уугаад, үрэн таран хийж дуусгадгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Ийм бодит шаардлага байгаа учраас л Үндсэн хуулиа хүртэл өөрчлөн байж арай гэж ахиц гаргаж байгаа ажил шүү дээ. 

Одоо бүр санхүүгийн зах зээлийн салбарын мэргэжлийн холбоо хүртэл Засгийн газрын энэ шийдвэрийг үгүйсгэн мэдэгдэл гаргаж ч байх шиг.  Тухайлбал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо /МҮЦАЭХ/-ноос өчигдөр Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол нэгдэл", "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-д мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилах шийдвэр нь сайн засаглалыг төлөвшүүлэхэд эрсдэл учруулж, цаашлаад хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн хурал зарлах, хурлын шийдвэр гаргахдаа ил тод байдал, компанийн засаглалын үндсэн зарчмыг мөрдөхгүй байна... гэх зэрэг агуулгыг онцолсон байна билээ.

Мөн "Улс төрийн зорилгоор санхүү эдийн засгийн судалгаа, тооцоогүйгээр гэнэтийн шийдвэрүүд гаргах нь компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг эрсдэлд оруулж байна" хэмээн онцолсон байгаа юм. Саяын ногдол ашиг тараалт бол яах аргагүй улс төрийн шийдвэр байсан нь үнэн. Гэхдээ энэ асуудлыг одоохондоо улс төрийн шийдвэрээр л зохицуулахаас аргагүй. Ер нь үеийн үед улс төрийн шийдвэр л байж ирсэн шүү дээ. Нэг талдаа хувь улстөрчийн болон эрх баригч намын улс төрийн тоглолт болж харагдаж байгаа ч нөгөө талдаа чөлөөт эдийн засаг, төрийн өмчит байгууллагуудын бие даасан байдал бэхжээгүй энэ үед зөвхөн компанийн засаглалд найдан суух боломжгүй. Тиймээс улс төрийн шийдвэр, уур амьсгалаар хүссэн хүсээгүй нэг хэсэгтээ явах нь тодорхой. Хамгийн гол нь үүнийг иргэд өөрсдөө юу гэж хүлээж авах юм. Улсынхаа баялгаас Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хувь хүртэж байна гэж харах уу, улс төрийн намын, удирдагчдын хайр хишиг гэж ойлгох уу гэдэг нь зөвхөн тухайн хувь хүний ухамсар хийгээд боловсролын түвшний асуудал. Ямартай ч, ядуу зүдүү байлаа гээд одоо бол Оюун-Эрдэнийн хишиг гээд шууд ойлгочих хүн ховордсон нь ойлгомжтой. Аяндаа Баялгийн сангийн хууль тогтоомж хэрэгжээд эхлэхээр улс төрчид автор нь болох гэж хичээсэн хичээгээгүй, хувь хишиг олгохоор боллоо гэж зарласан зарлаагүй жигдрээд ирнэ. Харин тэрүүхэн хооронд улс төрийн шийдвэр гарч буйд уурлаж бухимдах бус харин ч баярлаж суух хэрэгтэй. Яагаад гэвэл иргэд "Бид хувь хүртэж болдог юм байна. Цаашид илүү ч ихийг авах боломжтой юм байна" гэдгээ илүү сайн ойлгоно.

Харин энэ оны ногдол ашгийг олгохдоо Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан Үнэт цаасны компаниудад иргэдийн нээлгэсэн дансыг урьдын адил жигд ашиглаагүй яаран сандран алаг цоог юм хийсэн нь иргэд болоод ҮЦ-ны компаниудын хооронд үл ойлголцол үүсгэж, түүнийг дагаад хувийн хэвшлүүдэд харилцагчдын хандалт, үйлчилгээний ачаалал үүсгэж, нэмэлт зардал гаргах шалтгаан болсон нь тун буруу.

Засгийн газар болоод УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс баялгийн хуваарилалтын асуудлаар улс төр хийж болно. Ингэхдээ энэ мэт энгийн алдаа л гаргахгүй байвал болох нь тэр. Яагаад гэвэл ерөнхий агуулгаараа та нар яаж попорсон гавьтай амжилт олохгүй. Дээр дурдсанаар иргэд улстөрчдөд бус улсынхаа баялагт л баярлаад үлдэнэ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх