Нийгэмд "дээрэлхэлт" гэхээр л хөвгүүдийн дундах зодоон нүдээнээр төсөөлдөг байсан хандлага өөрчлөгдөх цаг болжээ. Одоо цагт охидын дундах ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны дарамт, нэгнийгээ бүлэглэн гадуурхах, "дэг" нэрээр дарамтлах үзэгдэл ноцтой түвшинд хүрсэн байна.
• Сэтгэл зүйн хүчирхийлэл: Гадаад төрх, өмсөж зүүсэн хувцас, эцэг эхийнх нь амьдралын түвшнээр ялгаварлан гадуурхах, ганцаардуулах.
• Бие махбодийн хүчирхийлэл: Далд хэлбэрээр буюу булан тохойд нэгнээ зодох, шанаадах, бэртээх.
• Эрх мэдлийн дарамт: "Ахмад курс", "том эгч" гэх нэрийдлээр бусдыг өөрийнхөө эрхшээлд оруулах, зарцлах, мөнгө болон эд зүйл нэхэх.
Охид бие биедээ нөмөр нөөлөг, урам зориг өгөх ёстой байтал ийм харгис, хүйтэн харилцааг бий болгож байгаа нь үнэхээр сэтгэл өвдөм дүр зураг юм. Хөөрхөн царай, гоё хувцасны цаана бусдыг өрөвдөх сэтгэлгүй, хүнлэг бус үйлдэл нуугдаж байгааг харах хамгийн харамсалтай.
Шарх хэзээ ч амар эдгэдэггүй
Дээрэлхэгчдийн хувьд тэр үйлдэл нь зүгээр л "залуу насны алдаа" эсвэл "сургуулийн дэг" байсан мэтээр цагаатгагдаж магадгүй. Харин хохирогчийн хувьд энэ нь насан туршийнх нь сэтгэлийн шарх болж, өөртөө итгэх итгэлээ алдах, нийгмээс айх шалтгаан болдог. Тиймээс шүгэл үлээж буй охидын зоригийг нийгмээрээ үнэлэх ёстой бөгөөд олон жил дотроо тээсэн айдас, гомдлоо дэлгэж байгаа нь өөр олон хүүхдийг энэ зовлонгоос аврах эхлэл юм.
Эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийнхээ дүн, авьяас чадвараас илүүтэй ХҮН БОЛОХ төлөвшил, бусдыг хүндлэх ёс суртахуунд нь анхаарах шаардлагатай байна. Бусдыг хайрладаггүй, өрөвддөггүй хүмүүсийг нийгэмд бэлтгэн гаргах нь бидний хамгийн том алдаа байх болно.
СЭТГЭГДЭЛ Үлдээх