Өчигдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харъяат, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болсон. Тухайн барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харъяат аймгийн арслан М.Баасанжав долоо даван түрүүлсэн. Ингэхдээ тэрбээр үзүүр түрүүний барилдаанд улсын арслан Э.Батмагнайг давснаар улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд анх удаа түрүүлж анхны түрүүгээ хүртсэн юм. М.Баасанжав сумын заан цолтой байхдаа бөхийн өргөөнд хоёр удаа 10 давж түрүүлж байсан. Мөн 2024 онд Булган аймгийн баяр наадамд түрүүлж сумын заанаас аймгийн арслан цолтон болсон юм. Өчигдөрийн барилдаанд М.Баасанжав хоёрын даваанд улсын начин Ч.Батчулуун, гурвын даваанд улсын начин О.Түмэн, дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболд, тавын даваанд аймгийн арслан М.Баяржавхлантай тунаж, зургаагийн даваанд улсын харцага Б.Цэдэнсодном, долоогийн даваанд улсын арслан Э.Батмагнайгаар тус тус давсан юм. Хоймор сайхан нутгийн идэр залуу арсланд наадмын дэвжээнд нар буутал барилдахын ерөөл өргөе.
СЭТГЭГДЭЛ Үлдээх