Хүмүүс ядраад байна, сульдаад байна гэдэг нь өөрсдийн ажил амьдрал, хоол унд, амьдралын хэв маягаас шалтгаалдаг зүйл. Ер нь бол мэдрэл сульдлын хам шинж буй невроз, невридистони гэсэн оношуудад хамруулж авч үздэг.
Уламжлалт анагаах ухаанаар бол хий, шар, бадгана махбодийн арвидах, хорогдох, хямралдах шалтгаанаас болж байгаа өвчин эмгэг юм. Нойргүйдэх, эвшээх, суниах, алжааж ядрах эсвэл үдээс хойш ажлын бүтээмжгүй болчихлоо унтаад баймаар, бие сул оргиод байна гэж ирдэг. Эдгээр шалтгаанууд нь өөрсдөө хоол ундны дэглэм, амьдралын хэв маяг буруу, алдагдсантай холбоотой үүсдэг.
Өнөөдөр хүмүүсийн стресс буюу сэтгэлийн хүчдэл их байна. Нийгмийн болон орчны амьдралын хүчин зүйлс үүнд их нөлөөлдөг.
Өвчин тусахаасаа өмнө урьдчилан сэргийлэх гэдгийг сайн ярих хэрэгтэй. Идээ ундаа гэдэг зүйл үүнд маш чухал. Заавал өглөө цай ууж, хоол иднэ. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг нөхөртөө, оройн хоолыг дайсандаа гэж үг бий.
Монгол хүн өглөө өлөн элгээ тайлна гэдэг нь 5-7 цагт цөс ялгарч байдаг учраас цөсний зогсонгишлоос ангижрахад тустай. Хэчнээн ажилтай яаруу байсан ч өглөө цай ууж, юм иддэг байх хэрэгтэй.
Энэ эрс тэс уур амьсгалын хэлбэлзэлд Монгол хүн өглөө хийн цагт мэхээрийн гурил ч юмуу хужир, нохойн хошуу, айргийн тос, шар тос самраад зориуд аяга сайхан сүүтэй цайг уух хэрэгтэй. Ер нь хүн дархлаагаа хэвийн байлгахад хоол ундаа сайн идээд, зөв унтаж амрах чухал.
Зөв унтах ёстой. Нойрны чанар гэдэг маш чухал. Хүмүүс унтсан хэрнээ бие амарсангүй, өглөө ямар ч идэвхгүй босч ирлээ гэж ярьдаг нь нойрны чанар болохгүй байна гэсэн үг. 6-8 цаг нам, бөх гүн унтаж байж чанартай амарна. Хэт их орой орондоо орчихоод нойр хүрэхгүй байна гэдэг. Унтахаасаа өмнө магадгүй зурагт, утсаа үзээд байхаар нойр сэргэшдэг.
Унтахын тулд бэлтгэх хийх хэрэгтэй. 21.30 цагаас шүдээ угаагаад, ороо засаад, бүлээн усанд хөлөө дүрэх, намуун таатай аялгуу сонсоод 22.00 цагт орондоо ороход нойрны чанар мэдэгдэхүйц сайжирна. Нойрны эмгэг дотроо олон янз, нойрын чанар буурснаар эмнэлзүйн шинж тэмдгүүд нэмэгдэн даамжирч өвчин болно.
Сэтгэл санааны хувьд тайван байх. Стресс гэдэг сэтгэлийн хүчдэл эерэг, сөрөг гэж байна. Хэт их баярлах зэрэг нь эерэг стресстээ орно. Баярт үйл явдалд оролцоно, шагнал авна гэдэг ч юмуу сэтгэл нь хөөрөөд нойр нь хүрдэггүй.
Сэтгэлээ тайван, нэгэн чигт зөв байлгахын тулд сэтгэлээ удирдах, амьсгалын дасгал, тайвшруулах, төвлөрүүлэх дасгал бясалгалууд хийх мөн аливаа зүйлийг эерэг талаас нь харах, бүтнэ, сайхан болно гэсэн сэдэлтэй байх хэрэгтэй.
Сэтгэлийн тайван бус байдал удаан хугацаанд үргэлжилвэл мэдрэл сэтгэцэд нөлөөлнө, эргээд эмгэг үүснэ. Сэтгэлийн үйл тэнцвэртэй байлгах асуудал юм. Бие, хэл бол сэтгэлийн зарц гэж ярьдаг. Сэтгэлдээ юу гэж бодсон нь хэлээр ярьж, биеэр үйлдэж илэрдэг. Мэдээ мэдээлэлд цензуртай хандах, сэтгэл санаанд нөлөөлөх аливаа зүйлийг үзэхгүй сонсохгүй байх нь хамгийн чухал юм.
Дээр ярьсан зүйлс өвчин үүсэх шалтгааны нөхцлүүд нь болдог. Шалтгаан гэдэгт уламжлалт анагаах ухааны онолоор амин хувиа бодох “Би” хэмээхээс сэтгэлээс хүсэл тачаал, уур, мунхаг гарч хий, шар, бадган үүсдэг, шалтгаан нь идээ ундаа, явдал мөр, цаг улирал, ад буюу гэнэтийн нөхцлөөр өвчинг үүсгэдэг. Орчин цагийн ойлголтоор бол тайван хэвийн бус байснаас стресс буюу сэтгэлийн хүчдэл, дипресс буюу сэтгэл гутрал, вегитатив ургал мэдрэлийн үйл ажиллагаанууд хямарснаас үүсэж байгаа мэдрэл сульдлын хам шинжийн эмгэгүүд юм.
#Хий, шар, бадганы ойлголт маш чухал юм. Дан гурав, хавсарсан гурав, хурмал нэг гээд долоон биеийн өвөрчлөлд хувааж ярьдаг. Дан хий гэж байхгүй гэж үздэг. 90% хий, 10% бадгана, 80% хий, 20% шар гэдэг ч юмуу. Хавсарсан гэдэг нь 70:30, 60:40-ийн харьцаатай, хурмал гэдэг нь 33:33:33 тэнцвэртэй байхыг хэлнэ. Голдуу хавсарсан өвчлөл нийтлэг бий.
#Улирлаар авч үзвэл УАУ-нд 6 цаг бий:
12.16-наас 2.15 хүртэл өвлийн адаг
2.16-наас 4.15 бол хавар
4.16-наас 6.15 бол тэнцэл дэгжрэл
6.16-наас 8.15 зун
8.16-наас 10.15 намар
10.16-наас 12.15 өвлийн эхэн гэсэн ийм 6 цаг буюу улирал бий.
#Хий, шар, бадган 3 махбод хурах, хөдлөх, амирлах гэсэн зарчмаар явна.
Хүмүүс хөдөлгөөн бага хийж, хүнд, тослог идээ ундаа тэргүүтэн сэрүүн хавсарснаас бадган хурдаг.
#Бадган хавар хөдөлж, тэнцлийн цагт амирлана.
#Хий тэнцлийн цагт хурж, зун хөдөлж, намар амирлана.
Тэгэхээр өвлийн улиралд илчтэй, халуун чанарын мах шөл, идээ ундааг хэрэглэж, дулаан хувцаслаж даарахгүй явж, нойр сайн авах хэрэгтэй. Өвлийн шөнө урт, тиймээс номонд тойгны шөл, зутан шөл уугаарай гэж бичсэн байдаг. Халуун чанартай адууны мах, бүлээн чанартай хонины мах зохистой. Аньс, нэрс, чацарганы шүүсийг буцалсан усанд хандалж уух, нохойн хошууг цайндаа буцалгаж уух зэргээр хоол ундаараа зөв байх юм.
Хүмүүс ядраад байна дусал хийлгэчихье л гэдэг. Дусал шингэн гэдэг хүний биед ороод 12 цаг эргэлдээд биеэс гадагшилна. Дусал хийлгэх нь буруу гэж хэлэхгүй ч хэмжээнд нь хэрэглэвэл эмчилгээ, хэтрүүлбэл хор. Өндөр тунтай витаминууд их уухын оронд түүнийг агуулсан хоол ундаа идэх нь илүү үр дүнтэй. Витаминууд шингэхдээ ходоодыг их цочроодог.
Уламжлалт анагаах ухаанд нойргүйдэл гэхэд хий арвидсантай холбоотой байдгаас хий дарах идээ, ундаа, эмийг өгнө. Монгол төөнө, халуун тосон бариа, шимжүүлэх бариа, зүү гэх мэтээр эмчилнэ. Мөн эмчилгээний гам салхи жаварт цохиулахгүй, хүйтэн ус зэргийг хэрэглэхгүй байх нь маш чухал.
Ядаргааг эмчлүүлэхгүй явсаар сөрөг үр дагавар нь өвчин эмгэг үүснэ. Даамжраад сэтгэцийн олон өвчний суурь болно. Тиймээс биед жаахан зовиур байвал эмчид үзүүлээд зааврын дагуу хоол ундаа идээд, эмчилгээгээ авах нь зохистой. Хүн бүрийн биеийн онцлог, билэг чанар, мөн чанар, төрөлх чанар өөр, өөр тул дур мэдэн янз бүрийн эмчилгээ хийлгэх нь маш буруу.
#Шар ихтэй элэг цөс, нойр булчирхайн эмгэгтэй хүнд тийм зүйлийг идэх, хэрэглэх сайн гэж нэрлэж зөвлөхөд учир дутагдалтай. Малын халуун цус уугаад дүлийрчихсэн хүн ирж байсан. Шууруулах буюу хоол сойх, тураах эмчилгээг өвлийн улиралд хийж огтхон ч болохгүй. Тэхийн шээг бөөрөнд сайн л гээд мэдээлэл болгоод ярьдаг ч таарах, таарахгүй гэж асуудал бий. Эмчилгээний хугацаа эдгэрэх ч хувь хүний биеийн онцлогоос шалтгаална. Хүний биеийн төрөлх чанар гэдэг дахин давтагдшгүй байдаг онцлогтой.
Хүмүүс УАУ гэхээр зүү, бариа засал төдийхнээр төсөөлдөг. Энд бөөлжүүлэх, туулгах, хануур, шивнүүр, бигнүүр, самнуур, дэвтээлгэ, шимжүүлэх, хүчжүүлэх, тосон, цэгэн, шөлөн, сүүн зэрэг арваад төрлийн бариа засал хийдэг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх