Цахим мэдээ
Хаана

Беларусь 250 улс төрийн хоригдлыг суллалаа

Беларусь улс АНУ-тай хэлэлцээ хийснийхээ дараа 250 улс төрийн хоригдлыг суллах боллоо. Үүний хариуд АНУ Беларусийн хэд хэдэн компанид оноосон байсан хориг арга хэмжээгээ цуцална. Нийслэл Минск хотноо АНУ-ын элч төлөөлөгч Жон Коал Беларусийн удирдагч Александр Лукашенкотой уулзсан. Тус уулзалтаас хэдхэн цагийн дараа сүүлийн жилүүдэд байгаагүй олон тооны хоригдол суллах болсон мэдэгдлийг Беларусь хийв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн жил албан тушаалаа хүлээж авснаасаа хойш Оросын ойрын холбоотон Беларусьтай харилцаагаа сайжруулахаар хичээх болсон. Энэ хүрээнд тэрбээр Беларусийн зарим хориг арга хэмжээг зөөлрүүлж, "Энх тайвны зөвлөл"-дөө ч урьсан билээ. Авторитар дэглэмт Беларусь улс АНУ-ын хүчин чармайлтын ачаар сүүлийн саруудад олон арван хоригдлыг сулласан.

АНУ-ын элч төлөөлөгч Жон Коал мэдэгдэл хийхдээ "Өнөөдөр 250 хүнийг сулласан нь хүмүүнлэгийн чухал үйл явдал бөгөөд манай ерөнхийлөгчийн тууштай байдлын илрэл юм. Эрх чөлөө бол бидний зорилго. Энэхүү эрхэм зорилгын төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн Литвийн түншүүддээ гүнээ талархал илэрхийлье" гэжээ.

Суллагдаж буй 250 хүний дунд хүний эрхийн идэвхтэн Валентин Стефанович, Марфа Рабкова, Анастасиа Лойка нар багтжээ.

Олон хүн суллагдаж байгаа торны цаана дахин хэдэн зуун хоригдол бий. Тэдний олонх нь 2020 оны сонгуулийн дараа дэгдсэн өргөн цар хүрээтэй жагсаалын үеэр баривчлагдсан юм. Сөрөг хүчний удирдагч Свиатлана Циханоускаяа олон хүний амь амьдралыг аварсан Трампын хүчин чармайлтад талархал илэрхийлжээ.

Хоригдол сулласны хариуд Беларусийн хэд хэдэн банк, бордоо үйлдвэрлэгчид болон Сангийн яам нь хориг арга хэмжээнээс чөлөөлөгдөж байна.

Үүний зэрэгцээ Лукашенког ч АНУ-д айлчилж болох юм гэж Коал хэлжээ. Тэрбээр "Ерөнхийлөгч Трамп удирдагч Лукашенког үргэлж л сайн найз, хүндлэл хүлээсэн удирдагч гэж хэлдэг" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин