Өмнөд Солонгосын ахлах сургуулийн 10 сурагч тутмын гурав нь урт бичвэр унших гэж зовдог болохыг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Сурагчдаас "Урт бичвэрийг 10-аас илүү минут зарцуулан төвлөрч уншихад хэцүү санагддаг уу" гэж асуухад 22.2 хувь нь "тийм" гэж хариулсан байна. Харин 8.4 хувь нь "маш хэцүү" гэж хариулсан. Үүнээс үзвэл хүүхдүүдийн 30.6 хувьд нь урт бичвэр уншихад төвөгтэй байгаа аж.
Боловсролын судалгаа хийдэг "Jinhaksa" байгууллага ахлах ангийн 3500 гаруй сурагчаас судалгаагаа авсан байна.
Тэгвэл урт бичвэр уншихад төвөгтэй байдаггүй буюу "үгүй" гэсэн хариултыг сурагчдын 26 хувь нь өгсөн бол "огтхон ч төвөгтэй биш" гэсэн хариултыг 15 хувь нь өгчээ. Эндээс харвал хүүхдүүдийн 41 хувьд нь урт бичвэр унших төвөгтэй санагддаггүй.
Хүүхдүүд урт бичвэр уншиж, дүн шинжилгээ хийж чадахаа больсон нь Коллежийн элсэлтийн шалгалт зэрэг чухал шалгалт өгөхөд нь саад болж магадгүйг "Jinhaksa" судалгааны байгууллага анхааруулж байна. Мөн энэ чиг хандлагыг цахим орчин дахь богино бичлэгүүдтэй холбон тайлбарлаж байна. Учир нь судалгаанд оролцогчдын 57.9 хувь нь тодорхой зорилгогүйгээр өөрийн мэдэлгүй л богино бичлэг үзүүлдэг платформуудыг утсан дээрээ нээчихээд байдаг гэж хэлжээ.
Бичлэг үзэх цагаа хянаж чаддаг эсэхийг нь асуухад хүүхдүүдийн 78.4 хувь нь "Бодсоноосоо илүү удаан хугацаанд бичлэг үзчих гээд байдаг" гэж хариулжээ. Гэтэл ердөө 20 хувь нь болъё гэж бодсон үедээ больчихдог гэж хариулсан байна.
Хүмүүс богино бичлэг үзэх нь ихсэх тусам тархи энэ төрлийн эрчимтэй өдөөлтөд дасамтгай болдог аж. Тэгэхээр академик төвлөрлийг сайжруулахын тулд сурагчид урт хэмжээтэй бичвэр уншихад өөрсдийгөө дасгах хэрэгтэйг "Jinhaksa" судалгааны байгууллагын тэргүүн Ү Ён Чол зөвлөжээ.
ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD
СЭТГЭГДЭЛ Үлдээх