Цахим мэдээ
Тойм

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Өсвөрийн парламент" чуулжээ

“Өсвөрийн парламент-2025”чуулган болж, усны асуудлаар хэлэлцлээ

    “Өсвөрийн парламент-2025" хөтөлбөрт оролцогч гишүүдэд хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор “Загвар чуулган”-ы хуралдааныг МУИС-ийн хичээлийн байранд зохион байгууллаа.

      Энэ өдрийн “Загвар чуулган”-ы хуралдаанд танхимаар 70, цахимаар 56 гишүүн оролцсон бөгөөд нээлтийн хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, “Wash action” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов.

      Хуралдаан Өсвөрийн парламентын асуулгын цагаар үргэлжилсэн бөгөөд гишүүд “Усны нөөцийн судалгаа, хамгаалал, усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудал”, “Ус ба тэгш эрх”, “Сургуулийн орчин дахь усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй” сэдвээр мэдээлэл сонсож, асуулт асуун, байр сууриа илэрхийллээ.

      Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.  Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхий усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар Ерөнхий Ассамблейн 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор “Дэлхийн усны өдөр”-ийг тунхагласан зарласан билээ.

      Мөн энэ жил “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг  “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд  зохион байгуулж буй юм.

     “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөр нийт гурван удаагийн загвар чуулган зохион байгуулах бөгөөд чуулган тус бүрээс гарах санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох Улсын Их Хурлын Байнгын хороодод уламжлах юм.

 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин