Улирч буй 2024 онд ХЭН, ХЭЗЭЭ, ХААНА, ЮУ, ЯАГААД, ЯАЖ хамгийн их анхаарал татсан талаар зургаан чухал үйл явдлыг нэрлэж байна. Эдгээр агуулгууд нь өөр хоорондоо шууд холбоогүй бөгөөд ач холбогдол, сонирхолтой байдлаар нь сонгов.
ЮУ: Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд Монголын парламент 126 гишүүнтэй болж өргөжлөө
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг холимог тогтоолцоогоор зохион байгуулж, нийт 19 нам, хоёр эвсэл, нийт 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн. Энэ нь УИХ-ын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль боллоо.
Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар, нийт 126 гишүүн сонгогдсон. Монгол Ардын намаас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, Ардчилсан намаас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, Хөдөлмөрийн үндэсний намаас сонгуулийн тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, Иргэний зориг ногоон намаас жагсаалтаар дөрөв нэр дэвшигч тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдов.
Сонгогдсон нийт Улсын Их Хурлын гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан байна.
Шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай байна.
Ийнхүү Монголын парламент 126 төлөөлөлтэй болсноор хууль тогтоох болон бусад шатанд хяналт, хариуцлага нэмэгдэх суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж буй. Гэхдээ бодит үр дүн гарах цаг хугацаа хараахан өнгөрөөгүй байна.
ХААНА: Оны босгон дээр онц харамсалтай осол БНСУ-д боллоо
Өмнөд Солонгосын Жоолла мужийн Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд 2024.12.29-ний өдрийн өглөө онгоцны осол гарч, 179 хүн нас барсан харамсалтай явдал боллоо. Гал түймрийн албаны мэдээлснээр, Тайландаас 01:30 цагт хөөрсөн Чежү Эйр компанийн онгоцонд 173 солонгос, хоёр тайланд зорчигч, мөн багийн зургаан гишүүн байсан бөгөөд өглөөний 08:30 цагт нисэх онгоцны буудалд газардах ёстой байв.
Онгоц хамгийн анх газардах гэж оролдсон боловч чадаагүй бөгөөд нисэх онгоцны буудлыг тойрч, их биеэрээ дахин газардах гэж оролдсон байна. Гэсэн хэдий ч хөөрөх зурвасаас гарч, хөөрч буух зурвасын төгсгөлд осолдсон нь өглөөний 09:03 цагт гал гарахад хүргэсэн аж. Осол гарснаас 43 минутын дараа галыг унтраасан байна.
Одоогийн байдлаар ослын шалтгааныг холбогдох албаныхан шалгаж байна.
Тухайн онгоцны буух төхөөрөмж эвдэрсэн гэж албаныхан таамаглаж байсан ч хэргийн газар байсан гэрчүүд онгоц шувуутай мөргөлдсөнийг харсан гэж мэдэгджээ.
Онцгой байдлын алба хаагчид 11:00 цагийн байдлаар хоёр хүнийг аварч чадсан байна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд шадар сайд Чой Санг Мок зорчигчдыг аврах ажилд бүх алба хаагч, багаж хэрэгслийг дайчлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгон ажилласан.
ХЭН: Оюутолгойн дараа орох томоохон хөрөнгө оруулагч ФРАНЦ
Монгол Улс уул уурхайн салбартаа Оюутолгой төслийн дараа орохуйц томоохон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар болсон нь энэ оны нэн чухал үйл явдалд зүй ёсоор тооцогдож байна.
Энэ хамтарч ХЭН бэ гэвэл Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компани. Төслийн хувьд геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. Гуравдагч хөрштэй хийж байгаа хоёр дахь том Хөрөнгө оруулалтын гэрээ юм.
Энэ төслийг эхлүүлснээр улсын төсөвт 29 сая ам.доллар, ирээдүйн өв санд 36 сая ам.доллар, хуримтлалын санд 593 сая ам.доллар байхаар 51 хувийг өгөөж тохируулах нэмэлт төлбөр байна гэж Засгийн газраас мэдээлсэн.
Мөн орон нутгийн хөгжилд 44 сая доллар, нийгмийн даатгалын шимтгэлд 48 сая доллар төвлөрүүлэх тооцооллыг гаргаад байгаа юм.
Цөмийн энергийн хуулиар тус групптэй 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ. Энэхүү олон улсын хөрөнгө оруулалтын гэрээ олон жил дуншсан Баялгийн санг амь оруулахад чухал нөлөөтэй гэж үзэж байна.
ХЭЗЭЭ: Милан хотод гадна орчинд тамхи татахыг хориглосон шийдвэр 2024 онд багтааж гаргалаа
Италийн Милан хотод 2025.01.01-ний өдрөөс эхлэн гадаа тамхи татахыг хориглохоор болсон нь 2024 онд гаргасан чухал шийдвэрийн нэг байлаа. Энэ шийдвэрийг хотын захиргаанаас гаргасан байна.
Милан хот нь Европын агаарын бохирдол ихтэй хотуудад тооцогддог. Иймд хотын Агаарын чанарын албанаас 2021 онд олон нийтийн газруудад тамхи татахыг хориглож байсан түүхтэй. Уг шийдвэрийн дагуу цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, автобусны буудал, оршуулгын газарт тамхи татах хориотой байсан юм. Харин энэ удаад гадаа талбайд буюу гудамжинд, бусдаас 10 метрийн зай дотор тамхи татвал 40-240 еврогоор торгох зохицуулалттай болж байгаа аж. Зоогийн газар, баарны гадаа талбайд ч энэ дүрэм үйлчилнэ. Гэхдээ электрон тамхийг хамруулаагүй аж.
Хотын захиргаанаас шинэ шийдвэрээ танилцуулахдаа “Гудамжинд тамхи татахыг хориглосон нь торгуулиар төсөв бүрдүүлэх зорилгогүй. Харин соёлын өөрчлөлтөд та бүхнийг уриалж байна” гэжээ.
ЯАГААД: Утаа биш тэмцэгчид яагаад замхрав...
Энэ өвлийн утааны оргил үед нийтийг хамарсан жагсаал цуглаан чамгүй идэвхжиж байв. Гэвч зохион байгуулалттай томоохон акц өрнөлгүй, баярын уур амьсгалд дарагдан сарнилаа. Жишээ нь, 11-р сарын сүүлчээр “Сэр залуус аа” нэртэй жагсаал цуглаан болно гэх мэдээлэл зар цахим орчинд хүчтэй түгж, олны танил залуус дуу хоолойгоо хүчтэй хүргэж байв. Тэгвэл энэ бүхэн тэгсгээд намжсан нь хоёр жилийн өмнөх шиг цаанаа эзэнтэй захиалгын үйлдэ байв уу гэх хардлагыг төрүүлж байна.
Тодруулбал, утаагаар дамжсан улс төрийн тэмцэл эсэргүүцлийн нөлөөгөөр засаг хөдлөх магадлал ч өндөр байгаа тул Ерөнхий сайд болон түүний багийнхан эртнээс хариу арга авч, галыг намжаасан байж болох юм.
Одоо цагт аливаа жагсаал цуглааныг хүч хэрэглэн зогсоох, тараах арга улам бүр хоцрогдож байгаа. Энэ нь бүх талдаа сөрөг үр дагавартай. Тиймээс улс төрийн хүрээнд утаа угаарыг биш жагсаал цуглааныг аль болох эртнээс сарниулан замхруулахыг илүүд үзэж байна.
ЯАЖ: Эрчим хүчний эмзэг асуудлыг шийдэхэд Бөөрөлжүүтийн ДЦС чухал үүрэг гүйцэтгэж эхэллээ
Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Мэргэжилтнүүд ослын улмаас үүссэн эвдрэлийг шуурхай хянан засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буйгаас гадна Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй болохыг мэргэжилтнүүд хэллээ.
Харин шинээр баригдсан цахилгаан станцууд төвийн системд эрчим хүч хэрхэн нийлүүлж буй талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх томоохон зорилгыг 2024 онд тавьж байсан. Нэг жилийн хугацаанд энэхүү зорилгодоо хүрч чадлаа. Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станцын туршилтын галлагааг энэ сарын 25-ны орой 09:00 цагаас хийж эхэлсэн бол төвийн эрчим хүчний системд цаад тал нь энэ сарын 29-нд эрчим хүчийг нийлүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл төлөвлөсөн хугацаанаасаа өмнө эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлж чадлаа. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц эрчим хүчний хэмнэлттэй горимоор буюу шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагт ачаалал хуваалцаж байгаа онцлогтой” гэв.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлэхийн тулд түр схемээр нүүрс татан зуухны галлагааг хийж, агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараа зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэн явуулсан байна.
Ташрамд, Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй. Эхний блок ийнхүү төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх