Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн Хонгорч хэмээх газарт энэ сарын 22-нд хээрийн түймэр гарч, 90 га газар шатжээ. Тодруулбал, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:30 цагт холбогдох байгууллагууд хүлээн авч, яаралтай арга хэмжээ авч ажиллажээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Аврах анги, сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, орон нутгийн иргэдийн нийт 69 хүн, 18 автомашинтайгаар шуурхай хөдөлгөөнд орж, түймрийг тархахаас сэргийлэн унтраах ажиллагааг зохион байгуулсан байна.
Салхи шуургатай, хуурайшилт ихтэй нөхцөл байдал үүссэн нь түймрийн тархалтад нөлөөлөх эрсдэлтэй байсан ч алба хаагчид бүслэн хамгаалах, зурвас татах, галын тархалтыг хязгаарлах зэрэг тактикийн арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Аврагчид гуравдугаар сарын 22-ны 23:20 цагт түймрийг цурманд оруулж, улмаар гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:10 цагт бүрэн унтрааж, дахин асах эрсдэлийг бууруулах зорилгоор маналт, хөргөлтийн ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байна.
Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт 90 орчим га талбай өртөж шатжээ. Бэлчээрийн ургамал, хөрсний дээд үе шатсан нь байгаль орчин, мал аж ахуйд тодорхой хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна. Одоогоор холбогдох байгууллагууд түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа. Мөн хаврын хуурайшилтын улирал эхэлж буйтай холбогдуулан иргэдийг галын аюулгүй байдлыг чанд сахих, хээр ил гал гаргахгүй байх, анхаарал болгоомжтой зорчихыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх