Манай улсад гавкяа шагнал цол тэмдгийн үнэ цэнэ, утга учир алдагдаад удсан.
Төрийн дээд цол, одон медаль гэдэг хүний амьдрал, хийж бүтээсэн гавьяа, аварсан амь, УРСГАСАН ХӨЛСӨӨР хэмжигдэх ёстой. Гэтэл өнөөдөр "хэнд" очиж байгааг бид бүгд харж байгаа. Гэтэл яг энэ нийгмийн дунд чимээгүйхэн амьдарч, чимээгүйхэн хүний амь аварч, чимээгүйхэн элэгдэж дуусдаг жинхэнэ БААТРУУД байсаар байна.
Тэдний нэг Монголын АНХНЫ эмэгтэй тархины мэс засалчдын нэг Клиникийн профессор, гавал тархины мэс засалч Ч.Орлом
1952 онд төрсөн, 74 настай энэ эрхэм 1977 онд АУДС-ийг төгссөнөөс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд гавал тархины мэс засалч, тасгийн эрхлэгчээр ТАСРАЛТГҮЙ ажилласан бөгөөд сүүлийн 3 жил зөвлөх эмчээр ажиллаж байсан. Польш, Орос зэрэг улсад УДАА ДАРАА мэргэжил дээшлүүлж, гавал тархины мэс заслын хамгийн нарийн ур чадварыг эзэмшсэн мэс засалч.Тэртээ 40 гаруй жилийн өмнө, авто осолд орж үхлийн ирмэгт ирсэн хүнд АНХНЫ ХАГАЛГААГАА хийхдээ “Би энэ хүнийг заавал аварна” гэж өөртөө андгайлсан гэдэг. Мэдээж тэр хүнийг аварч бас нэгэн айл өрхөд амьдрал бэлэглэсэн. Түүнээс хойш хэдэн хүний амь аварсныг тэр өөрөө ч тоолоогүй. Тэрээр “Нарийн тоолбол 3-4 оронтой тоо гарах байх” гэж даруухан хэлдэг гэнэ.
Тэрбээр нөр их завгүй ажлынхаа хажуугаар олон шинэ эмчилгээ, арга нэвтрүүлж, ном товхимол, эрдмийн бүтээл бичиж, шавь нараа бэлдсэн гайхамшигтай эмч. Өдөр шөнөгүй хагалгааны өрөөнд зогсож, тархи мэдрэлийн нарийн төвөгтэй мэс ажилбар гүйцэтгэж, өдөр бүр хөл гар тайрах, шөрмөс залгах мэтээр хамгийн хүнд, хамгийн эрсдэлтэй бүсэд бүхнийг хийж явсан.
Хот хөдөө ялгаагүй, онгоцоор, вагоноор, машинаар, заримдаа морь, мотоциклоор, бүр явган явж, хүнд хэцүү орчин нөхцөлд ч амь аварч явсан гэдэг.
Гэтэл өнөөдөр энэ сайхан эрхэм хүн нурууны хүнд гэмтэлтэй, хэвтэрт асаргаанд байна. Ч.Орлом эмчийг олон удаа гавьяатад тодорхойлсон ч материал нь хаа нэгтээ “алга болчихдог” гэнэ шүү.
Хөдөлмөр, амь, гавьяаг үнэлэх шударга хэмжүүр хаана байна вэ?
50 жил түмний төлөө зүтгэсэн хүн яагаад бодитой шагналыг нь авч чадахгүй байх ёстой вэ?
Хүний үнэлэмж, хийж бүтээсэн гавьяа нь мөнгө, танил, байр суурьтай шууд холбоотой болох нь ийнхүү харагдаж байна. Хэрвээ бид үнэхээр шударга нийгэм хүсэж байвал, энэ системийг засаж, гавьяа, хөдөлмөрийг үнэлэх ёстой. Тэтгэвэр зөвхөн насны төгсгөлд авах мөнгө биш, тодорхой хэмжээний шударга ёсны хэмжүүр ч байх ёстой!
СЭТГЭГДЭЛ Үлдээх