Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг дэлхий даяар Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Сүрьеэ нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч биеийн бусад эрхтэнд ч нөлөөлөх боломжтой халдварт өвчин юм. Агаар дуслын замаар халдварладаг тул олон нийтийн дунд амархан тархах эрсдэлтэйд тооцогддог.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр жил бүр ойролцоогоор 10 сая гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 1.2–1.3 сая хүн амь насаа алдаж байна. ХДХВ/ДОХ-той хавсарсан тохиолдлыг оролцуулбал нийт нас баралт 1.5 сая орчимд хүрдэг.
Сүрьеэ өвчнийг цаг тухайд нь илрүүлж, эмчлэхгүй бол,
-
Уушгийг ноцтой гэмтээх
-
Амьсгалын архаг дутагдал үүсгэх
-
Бусад эрхтэнд тархах (яс, тархи, бөөр гэх мэт)
-
Нас баралтанд хүргэх эрсдэлтэй.
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, бүрэн эмчлэх боломжтой. Эмчилгээ нь ихэвчлэн 6 сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг бөгөөд эмчилгээ таслахгүй, эмчийн зааврыг чанд мөрдөх нь нэн чухал юм. Гэсэн хэдий ч эмэнд тэсвэртэй сүрьеэ (MDR-TB) нэмэгдэж байгаа нь дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал хэвээр байна.
Энэ жил сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Сүрьеэг зогсоохын тулд хамтдаа” уриан дор тэмдэглэж байна. Энэ нь улс орнуудын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хүчин чармайлт, иргэдийн оролцоо чухал болохыг онцолж байгаа юм.
Урьдчилан сэргийлэх зөвлөмж,
-
Ханиалгах, халуурах, жин буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай шинжилгээнд хамрагдах
-
Дархлаагаа дэмжих, зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг баримтлах
-
Сүрьеэгийн эсрэг вакцин болон урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах
Сүрьеэ өвчин нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус нийгмийн хөгжил, амьжиргаатай шууд холбоотой тул хамтын хүчин чармайлтаар даван туулах боломжтой өвчин гэдгийг энэ өдөр дахин сануулж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх