Цахим мэдээ
Хаана

ЗАВХАН: Өнөө шөнө цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна

Завхан аймгийн нийт нутгийн 56 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Үүнээс Баянтэс, Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэлмэн сумдын нутгаар цасны зузаан дунджаар 13 см хүрч, 10 баллын их цастай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

 

Мөн Нөмрөг, Тосонцэнгэл, Отгон, Их-Уул сумдын нутгаар 5–9 баллын цастай, цасны дундаж зузаан 4–10 см байна. Энэ сарын сүүлийн арав хоногт отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх, зарим сумдад бог мал төллөх зэрэг хөдөө аж ахуйн ажил ид өрнөж байна.

 

Аймгийн хэмжээнд агаарын дундаж температур -2.3-аас -13.1 градус хүйтэн байгаа бол өдөртөө -1 градус хүйтнээс +12 градус дулаан, шөнөдөө -14-өөс -30 градус хүрч хүйтэрч байна. Гуравдугаар сарын дунд арав хоногт Цэцэн-Уул, Отгон суманд шөнөдөө -30 градус хүрч хүйтэрсэн нь хамгийн бага температур байлаа. Харин хөрсний температур Түдэвтэй суманд -32, Отгон суманд -31 градус хүрч хүйтэрсэн байна.

Гуравдугаар сарын 26-наас 30-ныг дуусталх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 28-нд нутгийн хойд, төв хэсэг болон Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхины хурд ихэнх хугацаанд секундэд 5–10 метр, 28-нд секундэд 6–10 метр хүрч, зарим үед түр зуур секундэд 14–16 метр хүрч ширүүсэх төлөвтэй.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, говь талын нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байх төлөвтэй байна.

Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. Мөн зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэх тул иргэд, жолооч нарыг болгоомжтой зорчихыг Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Хөдөө аж ахуйн цаг уурын төвийн инженер Д.Уранчимэг анхаарууллаа.

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин