Хубилай хаан бол Их Юан улсыг үүсгэн байгуулагч гарамгай улс төрийн зүтгэлтэн
Хубилай хаан 1215 онд Толуй ноёны авааль хатан Сорхугтани бэхи хатнаас төржээ. Хубилай хар багаасаа сэцэн сэргэлэн бөгөөд Чингис хаан, Бөртэ хатны хайр халамжийг хүртсэн хувьтай ач нь байв. 1253 онд Мөнх хааны зарлигаар умард Хятадыг засан тохинуулах эрх үүргийг хүлээсэн бөгөөд 1256-1259 оны хооронд Шандын голын хөвөөнд Кайпинфү хотыг үүсгэжээ. 1259 онд түүний ах Мөнх нас нөгчиж тэрээр залуу байсан тул хаан сууринд залгамжлуулахаар ямар нэгэн хүнийг нэр зааж завдаагүй ажээ. Тиймээс алтан урагтны дотроос түүний хоёр дүү Хубилай, Аригбөх нарын хооронд хаан ширээний төлөө тэмцэл үүсэв.
1260 онд Аригбөх Монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг аваад Кайпин хотод “Их хуралдай”-г зарлан хуралдуулж, 44 насандаа "Их Монголын хаан” хэмээн өргөмжлөгдсөн байна. Хаан ширээг залгамжилж 1271 онд улсын нэрээ Их Юань хэмээн өөрчилж бүх Хятадыг эрхшээсэн аугаа том эзэнт гүрнийг байгуулсан. Хубилай, Аригбөх нар 4 жил эсэргүүцэлдэн тэмцэлдсэний эцэст Аригбөх ялагдаж ах Хубилайд бууж өгснөөр Хубилай хааны хаан суурь бат бэх болов. Хубилай хаан суусны дараагаар улс төр эдийн засаг соёлыг багтаасан зоригтой шинэчлэлт хийсэн юм.
Түүний хүү Чингим ааваасаа 9 жилийн өмнө 1285 онд нас баржээ. Хубилай харамсан гашуудсан бөгөөд түүний эхнэр Хөхжин хатан дотно хэвээр үлдэж түүнийг халамжилж байв. Тэрээр амьтны эд эрхтэн идэх дуртай болсон учир жин нь маш их нэмэгдсэн. Ийнхүү түүний цусан дахь бөөмийн хэмжээ томорсноор Тулай өвчтэй болж байнга бие нь суларсаар 1294 оны 2-р сарын 18-нд буюу 80 насандаа өөд болжээ. Хубилай хаан Чингимийн хүү Төмөрийг "Монголын эзэнт гүрний 6 дахь эзэн хаан" болгожээ.
Хубилай хаан 1261 онд Улсын судар бичгийн хүрээлэнг байгуулж Чингис хаан тэргүүтэй хаадын үнэн тэмдэглэлийг бичүүлж эхэлсэн бөгөөд улсын багш одог ном зохиолыг орчуулан хэвлүүлжээ. Хубилай хаан 1260 оноос эхлэн хууль ёсны цаасан мөнгийг гүйлгээнд гаргаж дотоод гадаадын худалдааг идэвхтэй дэмжин хөгжүүлэв. Юань улсын үед ус, хуурай газар хосолсон торгоны зам чөлөөтэй нээгдэж дэлхийн худалдааны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Хубилай хаан тариалангаар үндэс болгосон эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлж улс орны эдийн засгийн хөгжлийг өндөр төвшинд хүргэсэн билээ. Хубилай хаан бурхны шашныг дээдлэн төр шашин хослон барих хос ёсны сургаалийг боловсруулж энэрэнгүй засаг явуулж байсан бөгөөд бусад шашны тэгш эрхийг хангаж олон соёл зэрэгцэн орших таатай нөхцлийг бүрэлдүүлж байжээ. Хубилай хаан бүх Хятадыг нэгтгэн захирснаар тив дэлхийн ихэнх нутагт энх тайван тогтож хүн төрөлхтөний эдийн засаг, соёлын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх