Цахим мэдээ
Нийгэм

Админы улс төр

Төрийн босго намссан уу, эсвэл бидний хандлага өөрчлөгдсөн үү? Сүүлийн жилүүдэд сошиал орчинд олон мянган дагагчтай инфлүсэрүүд улс төрийн талбарт орж ирэх нь улам нэмэгдэж байна. Өчигдөр лайв хийж, өнөөдөр лайк цуглуулж байсан хүмүүс маргааш нь бодлого ярьж, шийдвэр гаргах түвшинд дэвшихийг зорьж буй энэ үзэгдэл нийгэмд “төрийн босго ийм намхан болсон уу?” гэх асуултыг эрхгүй төрүүлж байна. Нэг талаас, энэ бол ардчиллын бодит илрэл. Хэн ч нэр дэвшиж болно, олон нийтийн дэмжлэгийг авч чадвал төрд оролцох эрхтэй. Инфлүсэрүүдийн хувьд олон нийтийн анхаарлыг татах, хүмүүст нөлөөлөх чадвар аль хэдийн батлагдсан. Тэдний дуу хоолой хүчтэй, мэдээлэл түгээх хурд өндөр.

Энэ утгаараа улс төрд шинэ өнгө, шинэ хэлбэр авчирч байгаа нь маргах аргагүй. Гэвч нөгөө талд нь ноцтой эрсдэл бий. Дагалдагчдын тоо нь мэдлэг, туршлага, бодлогын боловсролыг орлож чадах уу? Нийгмийн асуудлыг шийдэхэд контент хийх ур чадвар хангалттай юу? Сошиал орчинд олсон нэр хүнд бодит амьдрал дээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай шууд хамааралтай биш. “Админы улс төр” гэх ойлголт эндээс эхэлж байна. Нэг постоор олны анхаарлыг татах, нэг лайваар сэтгэл хөдлөлийг хөдөлгөх, нэг сенсациар рейтинг авах — энэ бүхэн бодлогын гүнзгий хэлэлцүүлэг, судалгаа, хариуцлагатай шийдвэр гаргалтыг орлох ёсгүй. Харамсалтай нь, өнөөдөр улс төр заримдаа бодлогын өрсөлдөөнөөс илүү анхаарал булаах тэмцээн болж хувирч байна.

Төрийн босго намссан уу гэдэг асуултад шууд “тийм” гэж хариулахад бас эрт. Харин ч эсрэгээрээ, иргэд бид өөрсдөө босгыг хэр өндөр байлгах вэ гэдгээ шийдэж байгаа. Бид хэнд итгэж, хэнд санал өгөхөөс бүх зүйл шалтгаална. Лайк дарж чаддаг хүн төр барьж чадна гэсэн үг биш гэдгийг ялгаж салгах ухамсар нийгэмд хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд, инфлүсэрүүд улс төрд орж ирж болохгүй гэсэн үг биш. Харин тэд бодлогын боловсрол, ёс зүй, хариуцлагаа нэмэгдүүлж, олон нийтийн итгэлийг зөв зүйлд ашиглах ёстой. Харин иргэд бид “дагагч”-аас “сонгогч” болж төлөвших цаг аль хэдийн иржээ. Төрийн босго намсаагүй байж болно. Харин бидний тавьж буй шалгуур л намсчих вий.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин