Та бүхний мэддэгээр хүндийн өргөлтийн М.Анхцэцэг, Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй хүмүүсийн хүчний дасгалын багш Цэнхэржавын Хосбаяр гэвэл танихгүй хүн бараг үгүй.
Гол нь яагаад “ДОПИНГ” хориотой бодистой энэ хүн ойр ойрхон, олон давтамжтай нэр холбогдох болов? Ямар замаар яаж оруулж ирж худалдан борлуулдаг нь, бас тэр зүйлийг ямар тамирчид ямар хүнээр дамжуулж авч хэрэглэдэг нь анхаарал татмаар.
Жишээлбэл 2019 оны үндэсний их баяр наадмын түрүү бөх болох Э.Оюунболдоос хориотой бодис буюу “ДОПИНГ” илэрч ерөнхийлөгчийн зарлигаар авсан аварга дахин ерөнхийлөгчийн зарлигаар хураалган 5 жил үндэсний баяр наадам болон бусад заал танхимын барилдаанд оролцох эрхээ хасуулсан.
Мөн “Парис-2024” паралимпын -90 кгд зодоглох байсан үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баттөгс гээд хориотой бодистой холбогдсон тамирчин бүр Ц.Хосбаяр багшийн шавь нар гэхээр олон хүнд хардлага төрүүлж байгаа.
Тэгвэл хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр нь допингийн төрлийн бодис байж болзошгүй эм бэлдмэл худалдан борлуулж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл яригдаж байна.
Худалдан авч хэрэглэсэн бөхчүүд нь мэдэхгүй гэж булзайруулсан хариулт өгдөг бол зарж борлуулсан хүн нь тэр хүнийг санаатайгаар хорлосон гэж ойлгогдохоор байна.
Бөхчүүдийн хувьд жилдээ 365 хоног бэлтгэл сургуулилт хийж, асар их тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаардсан спортод зүтгэдэг. Тиймээс тэдний хувьд Наадам бол зөвхөн нэг барилдаан бус, амьдралынх нь чухал сорилт нэр хүндийн хэмжүүр болдог.
Иймээс допингийн асууудлыг зөвхөн нэг бөхийн асуудал гэж харах бус, Монголын спортын салбарын бодлого, хяналт, ёс зүйн асуудал гэж авч үзэх шаардлагатай байна. Хэрэв энэ асуудалд хатуу, тууштай арга хэмжээ авахгүй бол шударга өрсөлдөөн алдагдаж, олон нийтийн итгэл алдарсаар байх эрсдэлтэй.
Хориотой бодисыг худалдан борлуулсан болон авч хэрэглэн бусдын боломжийг хулгайлж, шударга өрсөлдөөний тогтолцоог гажуудуулж байгааг илрүүлж тогтоосон бол холбогдох байгууллагууд допингийн эсрэг бодлогыг илүү хариуцлагатай хэрэгжүүлэх, нийтэд ил тод мэдээллэх, Монгол бөх, тамирчиддаа анхаарал хандуулах цаг хэдийнээ иржээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх