Ардын хувьсгалын өмнө Монголд
1910 оны 3 сарын 26-ны өдөр Манжийн харьяанд байсан дотоод Монголын Их хүрээнд Монгол лам нар болон Манж хятад худалдаачдын хооронд зодоон болжээ. Хүрээнд гурван монгол лам хятадын нэгэн пүүсийн худалдагч нарын хооронд маргаан болж, улмаар хоорондоо зодолдсонд цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан хятад цэргүүд зодоон хийж буй монгол лам нарыг баривчлан, цагдаагийн газар руу авч явахыг оролдоход Хүрээний олон монгол тэд нар луу дайрч, улмаар хятад пүүсийг эвдэж байжээ.
15-р жарны цагаан нохой жил буюу 1910 оны өвлийн дунд сарын хорьдоор Дашчоймбол хийдэд “Домын дамжаа” гээч нь болох үед Да хүрээн дахь Хятадын өргөн чөлөөний хойшоо харсан том хүрэн дэлгүүрийн үүд хавьцаа лам нар болон хятадуудын хооронд нэлээд сүрлэг зодоон болсон гэдэг. Унтрах дөхсөн зул улам хүчтэй бадардаг гэдэг шиг унах дөхсөн Манж амбан тухайн үед өмнөхөөсөө илүү чангарсан гэх бөгөөд үүний улмаас Да хүрээний хятад худалдаачид хүртэл ихээхэн омогтой болж ирсэн байна. Ямар сайндаа л тэд өөрсдийгөө хүрээний зодоонч лам нар болон омголон танхай морьтой иргэд, чулуун байлдаан хийдэг банди нарын бүлэглэлээс хамгаалахын тулд Бээжингээс тусгай хүмүүс урин залж өөрийн гэсэн цагдаагийн газартай, хамгаалалтын албатай болж байсан гэдэг. Тухайн үед хятад хамгаалагч нарыг “Шаазай” гэж нэрлэдэг байж. “Шаазай” нар болон цагдаагийн газар нь Хятад хорооллын гуравдугаар гудамжинд байсан бөгөөд Манж амбан 1909 оны намраас эхлээд энэхүү гудамжинд нүд хурц, хөл түргэн хорин ламыг байнга суулгаж байхаар тушаал буулгажээ.
Хэрвээ ямар нэгэн хэрэг төвөг гарвал эдгээр лам аль аймгийн, аль гудамжны ямар хүн хэрэг тарьсаныг тэмдэглэж аваад Манж амбанд мэдэгдэж байх үүрэгтэй байж. Учир нь тухайн үед хүрээний зодоонч лам нар болон дэггүй банди нар хятадуудтай байнга зодоон өрнүүлдэг, тэгээд яг баригдах үедээ чулуу нүүлгээд зугтчихдаг байж л дээ. Тиймээс чулуу нүүлгээд зугтсан хүмүүсийг барьж авах, хэн болохыг нь мэдэж авахын тулд хятадууд нүд хурц, хөл түргэн хорин ламыг ийнхүү дайчилсан хэрэг.
Гэвч иймэрхүү арга хэмжээ авсанаас хойш Да хүрээний хятад, монголчуудын эв түнжин улам муудаж, худалдаа наймаа хийхдээ хүртэл учраа ололцохгүй хэрэлдэж маргалдах нь их болжээ. Энэхүү байдал нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэхэд зохих ёсоор нөлөөлсөн гэдэг. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн тэмдэглэн хэвлүүлсэн “Өвгөн Жамбалын яриа” хэмээх бэсрэг номонд энэ тухай тодорхой өгүүлсэн байдаг. Энэхүү ном эдүгээ цагт ховордоод нүдний гэм болжээ. Богдын дэргэдийн “Донир” байсан Борын Жамбал өөрөө ч их сонин намтартай хүн байсан бөгөөд түүний авааль эхнэр нь Ардын хувьсгалын дараа маршал Х.Чойбалсангийн зуурьдын амраг болж явсан Бортолгой юмсанж. Борын Жамбал нь 1960-аад оны үед ная орчим настайдаа их зохиолч Ц.Дамдинсүрэн гуайд 1900-гаад оны Да хүрээний сонин хачин явдлын тухай олон янзын хууч домог хүүрнэсэн байх бөгөөд 1910 оны өвөл өрнөсөн энэ зодооны тухай хүүрнэлийг нь бичиж үлдээжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх