Цахим мэдээ
Тойм

Нарансэвстэйн боомтыг эсэргүүцэж 33 000-аас дээш хүн гарын үсэг зурж, Ажлын хэсэг байгуулахаар боллоо

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.32.8-д "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" гэж тусгагдсан нь Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад олон хууль тогтоомж, байгаль орчин, олон нийтийн эрх ашгийг хөндсөн тул иргэд энэ заалтыг хасуулахаар цахим өргөдөл санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ. Хуулийн дагуу энэ сарын 11-нээс өмнө 33 мянгаас дээш хүн дэмжиж гарын үсэг зурвал энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллах эрх зүйн зохицуулалттай. Тэгвэл хугацаа дуусахаас таван өдрийн өмнө энэ тоондоо хүрч одоогийн байдлаар 33 037 хүн гарын үсгээ зураад байна.

Тиймээс Говийн их дархан цаазат газраа унаган төрхөөр нь авч үлдэхээр тэмцсэн иргэдийн өргөдөл эхний шатны амжилтад хүрч, Ажлын хэсэг байгуулах шаардлагыг хангалаа.

Энэхүү цахим өргөдөл нь бүрэн эхээрээ: 

"Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.32.8-д "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" гэж тусгагдсан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, 10 дугаар зүйлийн 2-д “...Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ…”, 3-д …Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ…, 70-р зүйлийн 70.1-д “...Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино...” гэсэн заалтыг зөрчихийн сацуу Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ийн хэд хэдэн конвенцуудыг зөрчиж байна. Үүнд: Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенци, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийн Хоёрдугаар зүйл буюу Үндсэн зарчмууд болох “…Тархац нутгийн бүсийн улсууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байхыг зөвшөөрөх, хамгаалалтын статус нь тааламжгүй байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хийхийн ач холбогдлыг Талууд хүлээн зөвшөөрнө…, гэсэн заалт, Биологийн олон янз байдлын тухай конвенцийн 8 дугаар зүйлийн d-д заасан “…экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгальд нь хамгаалахад туслах…”, h-д заасан “…экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах…” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл тул дээрх “Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх” үйл ажиллагааг ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хасаж Монгол Төр хагас зуун жил дархлан хамгаалсан Говийн Их Дархан Цаазат Газрыг бүрэн бүтнээр нь ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээж Монгол Улсын иргэдийн өмнө төдийгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ үү"  гэсэн агуулгатай юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх