Цахим мэдээ
Хаана

АНУ-ын шатахууны үнэ өсөв

АНУ-д шатахууны үнэ дахин өсөж, нэг галлон (3.79 литр) бензиний дундаж үнэ 2022 оны наймдугаар сараас хойш анх удаа 4 ам.доллароос давсан тухай түлшний үнийн хэлбэлзлийг хянадаг GasBuddy цахим хуудас мэдээллээ. Тодруулбал, АНУ-ын Зүүн эргийн цагаар 20:45 цагийн байдлаар “Regular” маркийн бензиний дундаж үнэ нэг галлон нь 4.001 ам.долларт хүрсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү үнийн өсөлтөд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн саатал, мөн улирлын чанартай эрэлт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгаа аж. Ялангуяа зуны улиралд америкчуудын аялал, автомашины хэрэглээ нэмэгддэг нь шатахууны эрэлтийг өсгөж, үнийг дагаад нэмэгдүүлэх хандлагатай байдаг.

Муж улсуудын хувьд үнийн ялгаа нэлээд өндөр хэвээр байна. Калифорни мужид шатахууны үнэ хамгийн өндөр байгаа бөгөөд нэг галлон бензин 5.86 ам.долларт хүрчээ. Энэ нь тус мужийн хатуу экологийн шаардлага, татварын түвшин өндөр, мөн нийлүүлэлтийн онцлог бүтэцтэй холбоотой гэж үздэг. Харин төв болон өмнөд бүсийн зарим мужид үнэ харьцангуй бага хэвээр байна.

Ийнхүү шатахууны үнэ өсч байгаа нь инфляцад тодорхой дарамт үзүүлэхээс гадна хэрэглэгчдийн өдөр тутмын зардалд шууд нөлөөлж эхэлжээ. Тиймээс ойрын хугацаанд үнийн хөдөлгөөн хэрхэн өөрчлөгдөх нь дэлхийн нефтийн зах зээлийн нөхцөл байдал, геополитикийн хүчин зүйлсээс ихээхэн хамаарах төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин