Цахим мэдээ
Тойм

МОНГОЛ ТӨР НЭГ ЦУЛ

     Ойрын өдрүүдэд улс төрийн жагсаал цуглаан идэвхжиж, татвар хураамжийн нэмэгдлээс шалтгаалсан олон нийтийн стресс бухимдал их байгаа ч энэ бүхнээс илүүтэй онцолж анхаарах шаардлагатай чухал үйл явдлууд бас өрнөж байна. Товчхондоо, Монголын улс төрийн амьдралд цоо шинэ хандлага, шинэ уур амьсгал орж байна гэж хэлж болох юм. 

     Өнгөрсөн долоо хоногт өргөн нэвтрүүлгийн сувгууд болон цахим сүлжээгээр олон нийтэд хүрсэн “Тусгаар тогтнол 2-Баялагтаа эзэн Монгол” нэртэй 94 минутын нэвтрүүлгийн гол санаа чухам юу өгүүлэв? Үүнийг анзаарахгүй өнгөрч боломгүй. Хэдийгээр “Херо энтертайнмент” улс төрийн суртал нэвтрүүлгээр нийгмийн санаа бодолд нөлөөлөхдөө гаргуун ч энэ удаагийн “бүтээл”-ийг жирийн нэг PR ажил гэж дүгнэж болохгүй. Яагаад гэвэл үүнийг хэн хийв гэдэг ер сонин биш. Харин хэн, юу ярив, яагаад ийм агуулгуудыг онцлов гэдэг л чухал юм. Нэгэнтээ хоёр гуравхан өдрийн дотор хоёр саяас дээш хүнд хүрчихсэн нэвтрүүлгийн талаар “тэр тэгж хэллээ, энэ ингэж ярьлаа” гэж давтах нь утгагүй учраас гол санаа хийгээд, гогцоо шалтгааныг эргэцүүлэхийг зорьлоо.

     Нэвтрүүлэгт оролцсон нам намын төлөөлөл улстөрчид голчлон эдийн засаг, геополитикийн өргөн сэдвээр ярьсан ч эцсийн дүндээ бүгд “Монгол төр нэг цул...” гэсэн санааг зангидав. Авууштай нь, урьд өмнө Монгол төрийн бодлого тогтвортой, нэгдмэл болох ёстой гэж л улигладаг байсан бол энэ удаад харин “болж эхэллээ, тийм учраас эхний үр дүнгүүд гарлаа” гэж онцлов. Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд улс төрийн намууд, улстөрчид өөр зуураа тэмцэлддэг бус улсынхаа эрх ашгийн төлөө үзэл бодол, ашиг сонирхлоо хойш тавьж чадаж байна гэдгийг ч илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, өргөн нарийн царигаас эхлээд өөрийн өрөөлийн нам эвсэл гэх талцал хуваагдал, маргаан мэтгээнд цэг тавьж буйгаа засаг барьж байгаа гурван намын төлөөллүүд зарлалаа. Дээр нь нэмээд дотоод улс төрийн ойлголцлын үр дүнд гадаад түнш, хөрш орнууд ч тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг хүлээн зөвшөөрч, манай улсын байр суурь, үндэсний эрх ашгийг хүндэтгэж байна гэх агуулга нэн чухал. Тийм ч учраас “Тусгаар тогтнол” гэж онцолсон байлгүй. Өөрөөр хэлбэл, тухайн нэвтрүүлгээр хэлэх гэсэн энэ санаа бол өнөө маргаашхандаа тэмцэл эсэргүүцлээс сэргийлсэн хамгаалалт төдий зүйл биш гэж ойлгогдож байна. 

     Энэ бол яах аргагүй манай улс төрийн амьдралд гарч буй эерэг уур амьсгал. Харин манай улс төрийнхөн өнгөрсөн хугацаанд нийгмээ хэт намчирхал, хэн нэг улстөрчийг хэт шүтэх, хэт үзэх ядах хандлагад гүн хордуулчихсан учраас онцлоод буй агуулгыг нийтээрээ хүлээж авахгүй байгаа юм. Жишээ нь, нэвтрүүлэг дундуур Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга “Олон нийтэд зөвөөр ойлгуулах хэцүү шүү” гэж онцолж хэлсэн ганц өгүүлбэр үүний хариу болж байна. Үнэхээр олон нийт ухаан муутайдаа ойлгож хүлээж авахгүй урьдын адил аль нэг талыг нь үзэн ядаад харааж зүхээд байгаа юм биш.

УИХ, Засгийн газраасаа эхлээд аймаг сум, баг хорооны түвшинд хүртэл улс төржсөн талцлын үр тарьчихсан болохоор л эерэг сайн зүйлийг олж харахгүй “Аа муу Женко, өө муу Данх, нөгөө л Херогийн тархи угаалт...” хэмээн үл тоож, албаар нулимж, адарч шоолж байна. 

    Нөгөөтэйгүүр улс төрийн гурван нам үнэхээр л харилцан ойлголцоод, хамтын нэгдсэн бодлогоор амжилтад хүрээд байгаа юм бол одоо дахин хэн нэгнийг Монголын дайсан гэж цоллохоо болих хэрэгтэй. Учир нь, улс төрийн намууд ч, үндэсний компаниуд ч, өмнө нь өндөр алба хашиж явсан хүмүүс ч Монголын дайсан биш. Дээр дурдсанчлан иргэдийнхээ төрд итгэх итгэлийг шалан доогуур ортол унагасан бүгд буруутай. Тэгэхээр одоо энэ унасан итгэл, цөхрөлийг эргэн сэргээх тал дээр нэн тэргүүнд ажиллах шаардлага бий болж байна. Хэн нэг нь унгасан хойноо хавчмааргүй байна. Тухайлбал, ХҮН намын дарга Шадар сайд Т.Доржханд нэгэнтээ нэвтрүүлгийн үеэр төрийн тогтвортой, тууштай бодлого, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны чухлыг ярьчхаад араас нь “Би Х.Баттулгыг магтаж, үндэсний баатар болгох гээгүй, эдийн засгийн ач холбогдлыг л ярьсан...” гэх мэтээр жижиг улс төр хийх нь зохимжгүй. Энэ нь нийгэмд өнөө л улс төрийн эх адаггүй талцлын галыг улам өрдөнө. Үүний оронд “Улс төрд мөнхийн дайсан гэж байдаггүй...” гэх мэт афоризмыг давтаад “Монголын улс төрд одоо талцал хуваагдал хэрэггүй” гэж уриалаад явж байвал жижиг намын дарга улам том харагдана шүү дээ.  

     Х.Баттулгын хувьд нэвтрүүлгийн хэсгээ тасдан авч “Түүхэн гавьяа байгуулсан баатар болж” уянгалж буй нь ёстой тухайн хувь улстөрчийн PR, тоглолт. Угаасаа энэ байтугай нь хийсээр л ирсэн хүн. Хамгийн гол нь “Би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, та нартай юугаа ярьдаг юм...” гээд босоод гарах бус “Би хүлээн зөвшөөрч байна, бид ойлголцож байна...” гээд сууж буйгаараа 10 жилийн өөрчлөлтийг илэрхийлж чадлаа, энэ хүн. Ингэснийх нь төлөө эргээд зулгаалцаад, зууралдаад байвал төрийн том бодлого, түүхэн их өөрчлөлт, арайхийж авч ирсэн гэх амжилт чинь юу ч биш болж хувирна. Арав, хорин жилийн өмнөх адармаатай, алалцаантай үе рүүгээ дахиад л ухарна.  

     Тиймээс Монголын улс төр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бус балтаар цавцаад ч цуурахгүй цул нягт болж байгаа гэх эерэг мессежээ л хадгал. Бодит байдал дээр худал байлаа ч ингэж л итгэж, сэтгэж ажилла. Тэглээ гээд хэн ч хохирохгүй. Харин ч нийгмийн сэтгэл зүйг эерүүлэх хожоотой. Улмаар олон нийттэйгээ нэг зүгт хараад авбал, нийлээд явбал жинхэнэ утгаараа буюу Монгол тэр чигээрээ нэг цул болж сая чадна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх