УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болж, эгүүлэн татагдах болзол хангаад байгаа. Энэ сэдэв оны өмнөөс яригдсан ч одоогоор Улсын ерөнхий прокурор УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд асуудлыг хараахан оруулж ирээгүй байна. Хэрэв прокурор асуудал оруулбал Д.Цогтбаатарыг эгүүлэн татах шийдвэр гэрлийн хурдаар шийдэгдэнэ гэсэн үг.
Харин энэ хооронд түүний оронд хэн гарч ирэх вэ гэдэг дээр ил далд хүчтэй өрсөлдөөн өрнөсөөр байна. Ялангуяа, өнгөрсөн сонгуулиар олонхийн санал авч чадалгүй хамраараа таслуулсан ахмад улстөрчид зүтгэсээр байгаа гэх. Жишээ нь, УИХ-ын дарга асан, одоогийн ЕТГ-ын дарга Г.Занданшатар есөн мандаттай тойргийн 10-т эрэмбэлэгдэж, Д.Цогтбаатараас 2000 санал дутуу авсан. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн 4000 саналын дутуугаар 12-т жагссан. Тэд сонгогчдын итгэлийг авч чадалгүй хаалгаар шидэгдсэн ч тооноор дахин орж ирэхээр улайрч байна гэх мэдээлэл гарсаар байгаа. Гэвч Д.Цогтбаатар нь холимог тогтолцоот сонгуулийн нэрийн жагсаалтад бичигдээгүй, тойрог төлөөлөн сонгогдсон учраас арын хүн нь автоматаар орж ирэх боломжгүй. Заавал нөхөн сонгууль явуулах хуультай. Тиймээс өмнө нь үзээд унасан хоёр ахмадын хэн хэн нь энэ удаа даагаа нэхлээ ч гарч ирэх шаанс багатай. Тэгээд ч энэ хоёр ахмад улстөрч насаараа намдаа үнэнч зүтгэснийхээ шанд өнөөдөр нэг нь ЕТГ-ын дарга, нөгөө нь "Монголросцветмет" ТӨҮГ гэх том байгууллагын захирлаар ажиллаж байгаа. Ёстой юу дутлаа гэж дахин гишүүнд тэмүүлэх билээ.
Харин тэдний оронд нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Далхаасүрэн яригдаж байна. Түүний хувьд сэтгүүлч, хуульч-эрхзүйч мэргэжилтэй, хэд хэдэн яам, агентлагт газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай, нутаг усныхандаа нэр хүндтэй, нам, улс төрийн амьдралд хүний эв олоод сурчихсан хөнгөн сийрэг нэгэн. Тэрээр, өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын 48 хүнээс 27-д бичигдэн өрсөлдж байв. Түүнийг тойрогт өрсөлдсөн бол есөн мандатад багтах байсан гэлцдэг.
Мөн түүнээс гадна өнгөрсөн сонгуулиар төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа нэгээр гарсан ч Баянхонгор, Архангайд ялагдаж, нийт саналын дүнгээрээ гишүүн болж чадаагүй Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг ч энэ удаагийн нөхөн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байна гэж таамаглаж байгаа. Ямартай ч, нөхөн сонгууль явуулах тохиолдолд ахмадуудад амбиц, хүсэл их байлаа ч ард нийт өмнөх сонголтоо өөрчлөхгүй арай залуу үеэ дэмжинэ гэх хандлага түмээмэл болжээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх