Цахим мэдээ
Тойм

Өгөөтэй ч аваатай ч өдрүүд...

     Ойрын өдрүүдэд Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт гадаад түншүүдтэй холбоото их хэмжээний өр төлбөр, зээлийн санхүүжилттэй холбоотой чухал шийдвэр, мэдээллүүд хөвөрч байна. Тухайлбал, манай улс нефтийн бүтээгдэхүүний гадаад хамаарлаас салах зорилгоор 10-аад жилийн турш зүтгэж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн санхүүжилт доголдож, нэмэлт зээл авах хэрэгцээ үүссэн нь УИХ, Засгийн газрын түвшинд анхаарал татсан сэдэв боллоо. Улмаар УИХ-ын намрын чуулганыг долоо хоногоор сунган хуралдуулж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нэмэлт зээлийн хэлэлцээрийг өнөөдөр УИХ соёрхон батлав. Ингэснээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн босгож байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд БНЭУ-ын ЭКСИМ банкнаас 450 сая ам.доллар нэмэлтээр зээлж авах эрх нээгдэв. Энэ нь нэг талдаа манай улсад амин чухал хэрэгцээтэй төслийн санхүүгийн эх үүсвэр болох сайн талтай ч нөгөө талдаа тодорхой хугацаанд тогтоосон хэмжээгээр хүү тооцож зээлсэн талдаа буцаан төлнө гэдэг утгаараа томоохон хэмжээний өглөг үүсгэж байга юм. 

     Харин үүнтэй зэрэгцээд өөр нэгэн эерэг мэдээлэл гарсан нь Рио Тинто групп олон жилийн турш манай Засгийн газартай өрнүүлж байгаа Оюу толгой төслийн татварын маргаандаа цэг тавих санаачилга гаргаж, улмаар 295 сая ам.доллар төлөх санал тавьсныг олон улсын томоохон хэвлэлүүд онцоллоо. Одоогоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс Риогийн саналыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байгаа. Хэрэв саналыг хүлээн авбал Оюу толгой төсөл дээр үүссэн том хөрөнгө оруулагчийн татварын маргаан цэглэгдэж, манай улсад 295 сая ам.доллар орж ирнэ. 

     Ингэснээр нэг том төсөл дээр үүссэн зээлийн эрсдэлийг нөгөө том төслийн татварын нөхөн төлбөрөөр тэнцвэржүүлэх санхүүгийн боломж бүрдэх юм. 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх