Сэтгүүл зүй, яруу найраг, өгүүлэхүйн урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар хэцүү өвчнөөр /хорт хавдар/ өвдөж, Герман улсад эмчлүүлж байна. Монгол хүн бүрийн хайр хүндлэлийг хүлээсэн найрагч маань анх хатуу хэцүү өвчний онош сонсоод яах учраа олохгүй хүнд байдалд орж, улмаар олон нийтэд мэдэгдэлгүй сар гаруй хугацаанд чимээгүй явжээ. Учир нь хүүхдүүд нь “Ааваа айл бүрт л бараг хорт хавдартай хүн бий. Бүгд л чимээгүй давж байгаа. Та чимээгүй байсан нь дээр” гэж захижээ. Харин Монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн Гүрээ найрагч маань аавдаа эрхэлсэн хүүхэд шиг ард түмэндээ дуулгамаар, ерөөлийн үгийг нь сонсвол эдгэчих юм шиг санагдаад сэтгэл тогтож өгсөнгүй” хэмээн бичсэн нь олон нийтэд хүрлээ. Тэр мөн “Цэцгийн гурван сард эдгэж очоод наадмын талбайгаар соёлонгийнхоо тоосонд дарагднаа гэсэн эерэг бодолтойгоор эмчилгээгээ хийлгэж байна. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг яасан үнэн үг вэ. Ээ дээ хүмүүс минь биеэ бодож яваарай!” гэж захижээ. Асгарсан их авъяас билгээр Монгол түмнийхээ өв соёл, үнэт зүйл, ахуй амьдрал, хүний сэтгэл, сэтгэлгээ, мөн чанарын тухай гүн гүнзгий илэрхийлэлтэй олон зуун дуу дууль, шүлэг найраг, тайз дэлгэцийн бүтээл туурвиж, үндэсний гэж ялгаран ондооших үлэмж их соёлын үр дэлгэрүүлсэн СГЗ Шагдарсүрэнгийн Гүрбазар танд хурдан эдгэхийг ерөөе. Мөн өөрийн тань хэлсэн ерөөл билгээр Үндэснийхээ их баяр наадмаар эрүүл саруул уулзацгааж, соёолонгийнхоо тоосонд дарагдан соёл бүтээлээ урьдын адил гэрэлтүүлэхийг нийт монголчуудынхаа өмнөөс ерөөж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх