Цахим мэдээ
Хэзээ

Хил холболтын төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн батлах асуудлыг хэлэлцээд, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт гарын үсэг зурах эрхийг шилжүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын дундуур БНХАУ-д айлчлах үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна гэж АҮЭБ-ийн сайд Ц.Туваан мэдээллээ.

Тэрээр "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах шийдвэр гаргалаа. Хоёрдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ хэлэлцээрт эцэслэн гарын үсэг зурна. Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь гарын үсэг зурна.

Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээртэй холбоотой асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороогоор орж, Засгийн газарт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг хуулийн дагуу олгосон. Нэгд, Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсэг хоорондын протоколд гарын үсэг зурна. Хоёрт нь, хоёр улсын төрийн өмчийн компани хооронд "гурвыг цогцоор нь" буюу хамтдаа зурах гурван гэрээ бий. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудлыг зэрэг явагдана. Хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулагдаж, гарын үсэг зурж баталгаажсаны дараа УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон батлах дэгтэй" гэлээ.

Энэ хэлэлцээрийг байгуулсны дараа буюу ирэх дөрөвдүгээр сараас хил холболтын бүтээн байгуулалтыг эхлүүлэх аж. Ингэхдээ Монголын талаас 976 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гаргах ёстой бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" компаниас санхүүжилтийг гаргахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх