Цахим мэдээ
Яаж

Жил бүр 4.4 их наядын ашиг олох Ухаахудагийг 1 төгрөгөөр өгчээ

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгааг нь хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд буюу Тавантолгойн хамгийн чанартай нүүрс бүхий хэсэг болох Ухаахудагийн ордыг 2008 онд "Энержи Ресурс" компанид үнэгүй өгсөн тухай яриа олон жил яригдсаар ирсэн. Тэгвэл чухам яаж өгсөн бэ гэдгийг УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд өчигдөр ил болгоод байгаа билээ. Тодруулбал, Ухаахудагийн ордыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын тэмдэглэлээр чиглэл өгч үнэгүй өгөхдөө "1 төгрөгөөр үнэлнэ" гэж бичсэнийг та бүхэн харж байна.

Жил бүр 4.4 их наяд төгрөгийн ашигтай ажиллах Монголын нийт ард түмний өмч болох энэ том ордыг ердөө 1 төгрөгөөр үнэлэн бэлэглэсэн нь Үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй асар их доромжлол гэдгийг бид өнөөдөр хөдөлшгүй баримтаар харлаа. 

Тиймээс цаашид Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн дийлэнх хувь нь ард түмэнд ногддог байх зарчмыг мөрдлөг болгож, стратегийн бүх орд газрын 51-ээс доошгүй хувийг нийт иргэнд хүртээдэг байх шийдэл рүү яаралтай орохоос өөр гарцгүй болж байна. 

Яг энэ агуулгаар Х.Баттулга, Л.Мөнхбаясгалан, С.Ганбаатар нарын гишүүд аймаг бүрээр тойрч иргэдийн саналыг авч байгаа юм. Харин Ухаахудаг, Цагаан суварга гэх мэт стратегийн ордод эзэн суусан улс төр, бизнесийн бүлэглэлүүд олон нийтийн эрх ашгийн талд дуугарч буй эдгээр гишүүдийг популизм хийж байна, зах зээлийн эрүүл зарчмын эсрэг явж байна, хувийн бизнесийг дээрэмдэх гэж байна гэх зэргээр гутаасаар буй. Зарим гишүүн Засгийн газрыг огцруулах санаачилга гаргаад буй нь энэ мэт баялгийн төлөөх тэмцэлтэй цаагуураа шууд холбоотой гэсэн дүгнэлт ч гарах боллоо. 

Хувийн компани өөрийн хөрөнгөөр хайгуул судалгааг хийж, тодорхой хэмжээний баялаг бүхий орд газар нээсэн бол төрийн эзэмшил оролцоог арай өөр түвшинд шийддэг. Харин улсын төсөв буюу ард түмний хөрөнгөөр илрүүлсэн, жилд ДНБ-ий таван хувиас доошгүй хэмжээний үнэлгээ бүхий олборлолт хийх ордыг стратегийн орд гэж үздэг. Улмаар нийт ард түмэнд дийлэнх хувийн ашиг хүртээх зарчмыг Үндсэн хуульд тусгасныг дахин онцолъё. 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх