Хоёр сонгууль дараалан найман жил үнэмлэхүй олонхи болсон МАН өнгөрсөн жил гурав дахь ялалтаа байгулж, 12 жил завсаргүй засаглах виз авсан. Гэвч олон намын тогтолцоотой улсад сонгуулийн үр дүн ингэж гарлаа ч ард түмэн уйдах залхахаас эхлээд өрсөлдөгч талуудын өдөөн хатгалга, өгөөш турхиралтын нөлөөгөөр Засгийн газар тогворгүй болох эрсдэл өндөр. Тиймээс МАН энэ бүрэн эрхийн хугацаандаа засгаа унагачихгүй, парламентаа тараачихгүйхэн шиг тогтвортой ажиллахын тулд ялагдсан намуудтай нийлж засаг байгуулах хувилбарыг сонгосон. Угаасаа ингэхгүй л бол Засгийн газар байгуулаад маргааш нь огцруулах эрсдэлтэй байв. Тиймээс энэ бол нэг их заль мэх биш Ерөнхий сайд хэн байхаас үл хамааран зайлшгүй хийх алхам байсан гэж болно.
Харин жинхэнэ сонирхолтой буюу МАН-ын улс төрийн стратегийг илэрхийлсэн үйл ажиллагаа одоо ид өрнөж байна. Энэ бол “Худалдан авах ажиллагаа”. Хамтарсан Засгийн газарт намуудаас орж ажиллах албан тушаалын квот аль хэдийнэ дүүрсэн ч МАН бусад намыг тэр дундаа гол өрсөлдөгч АН-ыг дараагийн сонгууль хүртэл томоотой байлгахын тулд төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдэд “Хяналт хариуцсан менежер, Бүтээмж хариуцсан менежер” гэх мэт цоо шинэ албан тушаалууд бий болгож, түүгээрээ эрх баригчдын эсрэг өрвөлзөж чадах, засгийн хувь заяанд цөвтэй байж мэдэх хүмүүсийн амыг хааж, амийг зогоож эхэллээ.
Үүнээс гадна манай улсаас дипломат харилцаатай бусад улсуудад суугаа 20 гаруй Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн хүмүүсийг томилох мөчлөг тохиож буй нь “Албан тушаал бэлэглэх” ажилд ахиц дэвшил болж байна. Зөвхөн Элчин сайдуураар тогтохгүй Ерөнхий консул, Дэд консул гээд зөндөө олон боломж нэмэгдэж байгаа.
Энэ албан тушаалуудыг МАН өөрийн талын гомдогсдодоо урамшуулал болгон өгөх, нийгэмд нэр хүнд нь унасан ч нам дотроо нөлөө хүч ихтэй ахмадуудаа дэвшүүлэн зайлуулах зэрэгт ашиглахаас гадна бусад намыг худалдан авахад зориулж, “ам барих” чиглэлд онцгой анхаарч байна.
Ингээд олныг үл нуршин энэ ажиллагааны явцтай дэлгэрүүлэн танилцъя:
Үүнээс гадна нийслэлд өрсөлдөөд нэг ч суудал авч чадалгүй ялагдсан ХҮН намын хотын намын хорооны дарга Э.Золзаяаг НЗД-ын Бүтээмж хариуцсан менежер гэх даргын орлогчийн статустай албан тушаалд томилоод байгаа. Яагаад ялагдсан хүмүүст ингэж өндөр албан тушаал өгөөд байна вэ гэвэл мөн л тэд энэ засгийг тогтворгүй болгох хамгийн аюултай хүмүүс. Тиймээс ингэж худалдан авах байдлаар л дуугүй болгохоос өөр сонголт тэдэнд үлдсэнгүй. Уг нь МАН ингэж айлуудаас царай алдатлаа боловсон хүчний дутагдалд орчихсон нам биш. Учир нь өөр болоод л тэр.
Жишээ нь, УИХ-ын болон АН-ын гишүүн асан, ШИНЭ намыг үүсгэн байгуулагч Ж.Батзанданг хувийн хэвшлийн компаниудын эзэмшиж буй статегийн ордуудад төрийн мэдлийн хувь тохирох хэлцэл хийх БЭТ /Бүрэн эрхэт төлөөлөгч/-өөр томилоод буй нь олны анхаарлыг ихэд татсан. Хоёр ч сонгууль дараалан ялагдсан Ж.Батзанданг эрх баригч нам яагаад ингэж их тоов. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Ж.Батзандан бол хэдий ялагдсан ч хэзээ л бол хэзээ тэсэрч гарч ирээд олныг эрх баригчдын эсрэг эргүүлчих хэмжээний туршлагатай, нөлөөтэй тэмцэгч. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хувийн улс төрөө хийж, М.Энхболд ахаа унаган байж тодрон гарч ирэх “Шударга тав” операцид хамгийн их хүч нөлөөгөө өгч, хамтран зүтгэсэн дөрвөн хүний нэг нь тэр учраас ор тас гудамжинд хаячих муухай.
Ж.Батзандан ч “найз нь нэг гайгүй юманд очъё” гэж гуйсан байж таарна. Л.Оюун-Эрдэнэ ч “Миний хөгшин энийг л хий” гэж саймширсан байх. Аль нь ч байлаа гэсэн цаад зорилго мөн л тодорхой. Тогтвортой засаглах.
Ингээд зогсохгүй. АН болон ХҮН намд одоо албан тушаалгүй хэрнээ хэн хүчтэй, нөлөөтэй байна гэдгийг нэгд нэгэнгүй судалж, харж байгаа. ҮБХ нь нийтдээ хэдэн гишүүнтэй юм. Хэдийг нь, хэнийг нь ямар албан тушаалаар яаж худалдаж авах боломж байна гэдэг тооцооллууд нарийн хийгдэж байгаа. Эцсийн дүндээ МАН-ын өөдөөс эрслэн босох байтугай эгцхэн хараад шүүмжлэх эсэргүүцэх нэг ч хүн үлдэхгүй.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд АН-ын үзэл санааны туг, уураг тархи болдог цөөн хүний нэг Ерөнхий сайд асан Р.Амаржаргалыг ч Английн элчингээр “цөлөх”-өөр яригдаж эхэлсэн.
Энэ мэтээр МАН бусад намыг худалдан авах ажиллагаа маш амжилттай өрнөж байна. Жич: Эдгээр нь зөвхөн том албан тушаал гэдгийг тэмдэглэе.
СЭТГЭГДЭЛ Үлдээх