Цахим мэдээ
Яаж

“Ойрад” театрын барилгын төсвийг тав дахин өсгөжээ

Увс аймгийн төв дэх “Ойрад Хөгжимт жүжгийн театрын шинэ барилгын ажил найман жил үргэлжилсний эцэст энэ өвөл арайхийж ашиглалтад ороод буй. Тэгвэл энэ ажлыг гүйцэтгэх явцдаа улс төр, ашиг сонирхлын үүднээс барилгын компанийг олон дахин сольж, удаан хугацаагаар гацааж, төсвийг нь хэт их өсгөх замаар ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй байна.

Тодруулбал, шинээр театрын барилга барих санаачилга анх 2015 онд гарч зураг төслийг нь боловсруулсан бөгөөд нийт төсөвт өртөг нь ердөө 3.4 тэрбум төгрөгт багтахаар тооцоо гарч байжээ. Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнд аймгийн төдийгүй УИХ-ын түвшинд эрх баригчид солигдсон учраас анхны тооцоолол ганцхан жилийн дотор огцом өөрчлөгдөж, 2017 онд МАН-аас сонгогдсон удирдлагууд уг барилгын төсөвт өртгийг 6.4 тэрбум төгрөгт хүргэж, Дүрт уул ХХК-аар бариулахаар болсон аж. Үүнээс хойш театрын барилгын ажил бүрэн дуусаагүй ч төсвийг нь жил бүр нэмсээр бүхэл бүтэн найман жилийн дараа буюу энэ онд анхны дүнг тав дахин нэмэгдүүлж, 15.4 тэрбум төгрөгөөр дуусгасан байна. Үүгээр ч зогсохгүй гүйцэтгэгч компани тав дахин нэмэгдүүлсэн төсвөө чамлаж “23 тэрбум хүрэх ёстой” гэцгээж байгаа сурагтай.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал зэргээс шалтгаалан валютын болон барилгын материалын ханшийн өсөлт, татан авалтын хугацаа алдах зэргээр аливаа бүтээн байгуулалтын ажлын төсөв өсөн нэмэгдэж болох ч 5-10 дахин нугарч өсөх ямар ч үндэслэлгүй. Гэтэл Увс аймагт зөвхөн “Ойрад” театр гэлтгүй олон арван барилга бүтээн байгуулалтын ажил олон жил ийнхүү гацаж, төсвийг нь өсгөх замаар ард түмний татварыг үргүй зардаг, улс төрийн цөөн бүлэглэл завшдаг нь бараг ёс юм шиг үзэгдэл болжээ.

Энэ бүхний ард сүүлийн 8-10 жилд МАН-аас сонгогдон ажиллаж буй Засаг дарга нар болон УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар нарын том бүлэглэл байдаг гэдгийг улс төрийн хүрээнд төдийгүй жирийн иргэд ч ам уралдан ярьцгааж байна.


Анх 3.4 тэрбумд босох боломжтой гэж төсөв тооцоо нь гарч байсан ч өнөөдөр 15.4 тэрбум хүрч, цаашлаад гүйцэтгэгчид нь 23 тэрбумыг ч нэхэхээр санаархаж буй энэ барилга нь ердөө 640 хүний суудалтай 3 давхар, 350 орчим хүний үзэсгэлэнгийн танхимтай 8 машины гарааштай объект юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх