Цахим мэдээ
Яаж

Гадны хөрөнгө оруулалт татахад анхаарна

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хуралдааныг нээж хэлсэн үгэндээ

- олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулах

- хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

- хөрөнгө оруулалт татах

- төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. 

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг бүрдүүлжээ.

Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой. Business Friendly Mongolia буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс болох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх”  зорилготой аж.

Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван шилжилтийг салбар бүрд хийхээр зорьж буй. Тиймээс шинэ эдийн засгийн бүтцийн үндсэн хөшүүрэг нь баялаг бүтээгчид байх бөгөөд дээрх гурван шилжилтийг хэрэгжүүлж баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Долоодугаар сард болох Монголын Эдийн засгийн форумын бэлтгэлийг одооноос эхлүүлэх, зохион байгуулалтад анхаарахаас илүүтэй бодит үр дүн гаргах нь чухал. Татварын орчин гэхэд зөвхөн нэг талаас анхаарах бус төр, иргэн, аж ахуйн нэгж гэхчлэн бүх талыг оролцуулж эрх зүйн орчныг шийдэх нь илүү оновчтой. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл асуудал бүрд төвлөрч, бүх талын саналыг нэгтгэж, ажил хэрэгч ажиллахыг Ерөнхий сайд анхааруулав.

СЭТГЭГДЭЛ Үлдээх