Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амрахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-оор зохицуулсан байдаг. Тэгвэл энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ны өдөр 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна.
Тиймээс шинийн 2, 3-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин шинийн дөрвөн буюу 2025 оны гуравдугаар сарын 03-ны даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн үргэлжлэх юм.
Хувийн хэвшлийн байгууллагуудын тухайд ажил, амралтын өдрийг дотоод хэм хэмжээндээ тусган зохицуулах боломжтой.
Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ Үлдээх