Өнөөдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгуудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, орчин үеийн стандартад нийцсэн мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийг шинээр байгуулж, өрөөнүүдийн үйл ажиллагааг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд тэргүүтэй удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү тасаг нь Олон улсын Class 1000 стандартын Мэс заслын 2 вакум ариун өрөө, 1 энгийн мэс заслын өрөөтэй. Бүх тоног төхөөрөмж, өрөөний тусгай тоноглолууд нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн. Энд эрхтэн шилжүүлэн суулгах, зүрхний мэс засал, өндөр эрсдэл бүхий мэс засал, мэдрэлийн мэс засал зэрэг нарийн мэргэжлийн бүх мэс заслыг хийх боломжийг бүрдүүлсэн нь орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд, Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдээс анхдагч болж байгаагаараа онцлогтой.
Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй тус барилгын ажлыг “Мед буян” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 2024 оны 07 дугаар сард ажлаа эхлүүлж, өнөөдөр хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. “Мед буян” ХХК-ийн зүгээс нэмэлтээр тасгийн бүх тохижилтыг хийсэн байна.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг жилд 155 мянган иргэнд амбулаторийн тусламж үйлчилгээ, 13 мянган иргэнд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн 5 жилийн дунджаар 1330 хагалгаа, мэс ажилбарыг жилд гүйцэтгэж байгаа бөгөөд хагалгааны нэр төрлийг жилд 1-2-оор нэмэгдүүлэн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх