Энэ сарын 19-ний өдрийн 13.40 цагийн үед фэйсбүүк дэх "Ховд аймгийн нэгдсэн групп" нэртэй 111.9 мянган гишүүнтэй группт Hatantsetseg Delgertuya нэртэй хэрэглэгч хоёр толгойтой хурганы зургийг "Ховд аймгийн Мянгад суманд орших Халзанбүрэгтэй уулын орчимд нутаглаж байсан малчны хотонд 2 толгойтой хурга төржээ. Халзанбүрэгтэй уулыг өрөмдсөнөөс болж цацраг идэвхт бодис ялгарч хүн малыг хордуулсан тохиолдол нэг биш удаа гарсан ч биднээс нууцалж байна" гэсэн текстийн хамт нийтэлсэн байв.
Тус мэдээлэлд 300 гаруй хүн хариу үйлдэл үзүүлж, 100 гаруй хүн сэтгэгдэл бичсэн бөгөөд дийлэнх олонхи нь итгэж үнэмшсэн, айж түгшсэн агуулга илэрхийлжээ. Харин цөөн тооны хүн үл итгэж, үгүйсгэсэн байр сууринаас хандсан байгаа юм.
Тэгвэл уг мэдээллийн үнэн, худал эсэхийг нягталж үзлээ. Хүмүүсийг айдаст автуулаад байгаа зургийг татан авч, гүүглийн сүлжээгээр хайж үзэхэд хамгийн эхэнд одоогоос 11 жилийн тэртээ буюу 2014 оны 10-р сарын 23-нд www.metro.co.uk сайтад нийтлэгдсэн "Хоёр толгойтой эрүүл хурга төржээ" гэх гарчигтай мэдээлэл гарч ирж байна.
Мэдээллийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://metro.co.uk/2014/10/23/farmer-is-amazed-by-healthy-lamb-born-with-two-heads-in-china-4918067/
Тодруулбал, энэхүү хоёр толгойтой хурганы зураг нь 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны хойд хэсэгт орших Хөх хотод ургийн гажигтай төрсөн хурганы зураг бөгөөд зургийг HAP /Quirky China News/ REX агентлаг авсан гэх эх сурвалжтай байна.
Уг мэдээлэлд байх зураг нь Hatantsetseg Delgertuya гэх хаягтай хүн Ховд аймгийн фэйсбүүк группээр тараасан зургийн эх хувь болох нь ч батлагдаж байна. Энэ хүн чухам ямар зорилгоор ийм худал мэдээлэл зохиож бичиж олон нийтэд түгээсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Анхдагч мэдээлэлд "Хоёр толгойтой төрөх нь ховор тохиолддог полицефали гэж нэрлэгддэг өвчин юм. Энэ нь амьтны ертөнцөд хааяа тохиолддог. Ийм өвчтэй хүн амьд үлдсэн ганц тохиолдол бүртгэгдсэн. Тэр нь Эбби, Бриттани Хенсел нар бөгөөд нэг бие дээр хоёр толгойтой төрсөн ч өдгөө эрүүл саруул 24 нас хүрч байна" гэж дурдсан байдаг. Харин уран болон бусад төрлийн уул уурхайн хайгуул олборлолттой холбоотой гэсэн агуулга огт байгаагүй юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх