Цахим мэдээ
Тойм

Яамнаас том аймгийн засаг ноён

Нийслэл болон зарим орон нутагт улаанбурхан өвчний тохиолдол гарч байгаатай холбоотойгоор ЕБС-ийн хичээлийг танхимын бус хэлбэрт шилжүүлэх эсэх талаар яригдаж эхэлсэн. Гэвч боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу БШУЯ-наас өнөөдрийг хүртэл хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх талаар шийдвэр гаргаагүй байгаа билээ. 

Тэгвэл Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг зөрчиж, салбарын яаманд урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар БШУ-ы сайд П.Наранбаяр мэдэгдээд байна. Тиймээс салбарын сайд дээрх хоёр аймгийн Засаг дарга нарт хандан албан бичиг илгээж, цаашид дахин дураараа дургиж, "том толгойлохгүй байх"-ыг анхааруулжээ.

Харин Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун салбарын сайдын зөвлөмж, анхааруулгыг үл тоон "ЭМГ-аас ноцтой гэж санал гаргаад, онцгой комисс хуралдаж шийдээд ЗД захирамж гаргасан. Өчигдөр 2 тохиолдол батлагдсан, өнөөдөр 6 тохиолдол, дахиад 8 сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д сорьцыг нь хүргүүлээд байна. Хичээл карантинлаагүй, цахимд шилжүүлсэн байгаа. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина!" гэж цахим орчинд тайлбар тавьжээ.

Орон нутагт үүссэн асуудалд тухайн шатны Засаг дарга анхаарч цаг алдалгүй шуурхай шийдвэр гаргах нь зөв ч Монгол Улс холбооны улс бус, дээрээ Засгийн газартай, салбар бүрийг хариуцсан яамтай нэгдмэл улс тул аймаг, орон нутгийн Засаг дарга нар аливаа шийдвэр гаргахдаа, тэр дундаа боловсролын салбар, хүүхдийн хичээл сургуультай холбоотой шийдвэр гаргахдаа заавал дээд байгууллагадаа мэдэгдэж, санал солилцож зөвлөлдөж байж шийдэх учиртай. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны хувьд энэ зарчмыг үл тоож, вант улсын эзэн мэт аашлан хувийн тоглолт хийхээр шийдсэн бололтой.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх