Цахим мэдээ
Тойм

С.Ганбямба: “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний ойн баяр бол Монголын Ард түмний баяр

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрхэм генерал, офицерууд, ахлагч, түрүүч, байлдагчид, ажилтан алба хаагчид, цэргийн дипломат ажилтнууд, энхийг сахиулагчид, ахмад дайчид, Монголын Ардын Арми, Зэвсэгт хүчинд алба хааж байсан үе үеийн дайчин эрс Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

“Газар нутаг бол төр, улсын үндэс” хэмээх эцэг өвгөдийн сургаалийг Монголчууд хэдэн мянган жилээр өртөөчлөн залгамжилж өдгөө ч Монгол Улсын Зэвсэгт хүчин эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг баттай хамгаалж, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.


Монголчууд ертөнцийн түүхэнд урьд, хожид байгаагүй аугаа том эзэнт гүрнийг хураан захирч, нэгэн тугийн доор нэгтгэсэн бахархалт түүхийг бүтээж, эрэмгий зан чанар, бие, сэтгэлийн хат тэвчээр, үнэнч нөхөрлөлийг эрхэмлэж, үйл хэргийнхээ төлөө мятрашгүй зүтгэж, цөхрөлтгүй тэмцэж ирсэн баатарлаг ард түмэн.
Харийн түрэмгийллийн эсрэг явуулсан тууштай тэмцэл, хамаг Монгол улсаа байгуулан засах гэсэн оролдлогууд, үндэсний эрх чөлөөний хувьсгал, Богд хаант Монгол Улсын цэргээс явуулсан Таван замын байлдаан зэрэг нь Монгол цэргийн эр зориг шавхагдашгүй хийгээд дундрашгүй гэдгийг илэрхийлэхийн сацуу шинэ цагийн Зэвсэгт хүчин байгуулагдах үндэс суурь болсон байдаг.
Ардын журамт цэргийн хадаасан хувьсгалын уухай түрлэг шинэ Монгол Улсын үндэс суурийг тавьж, Халхын гол, Хамар даваа, Хайлааст манханд хатан зоригт Монгол цэргүүд хайрт эх орноо баттай хамгаалсаны зэрэгцээ, хил хязгаараа бататгаж, сорилт бүрийг даван туулсан.
Монголын түүхэнд тодоор бичигдэх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ түүхэн үйл явдлаас хойш дарай 60 орчим жилийн дараа Монгол цэрэг анх удаа хилийн чандыг зорьсон нь улс орныхоо аюулгүй байдал, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогын бодит тусгал, эдүгээ Монгол цэргийн нэрийн хуудас болсон олон улсын энхийг сахиулах ажиллагааны эхлэл байсан юм.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин өмнөх үеийнхээ бүтээсэн амжилтыг бататгаж, Батлан хамгаалахын сэргэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хөгжлийн хэмнэлээр урагшлан тэмүүлж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.
Монгол цэрэг хэзээд цог жавхаатай, золбоо хийморьтой байж, үүрэг зорилт бүрийг бүрэн дүүрэн биелүүлж ирсэн нь ямагт ард түмэнтэйгээ нягт ойр байж, ард түмнийхээ хүндлэл, талархалыг хүлээж ирсэнтэй холбоотойг Монгол цэргийн түүх гэрчилдэг. Тиймээс “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний ойн баяр бол Монголын Ард түмний баяр, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр юм.
Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулан тэмцсэн ахмад үеийнхэнийхээ баатарлаг тэмцэл, гавьяат үйлсийг бахархан дурсаж, тэдний залгамж халаа болсон мөрдөс нэгт хамтран зүтгэгчид, нийт ард иргэддээ “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан түүхт ойн баярын мэндийг дахин дэвшүүлье!

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадраг!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ СҮНРЭВИЙН ГАНБЯМБА

СЭТГЭГДЭЛ Үлдээх