Цахим мэдээ
Яаж

Монголын зохиолчид номоо зарах гэж ЯАЖ зовдог вэ?

Монголын хэдэн зохиолчдыг баян гэж үздэг юмуу, эсвэл залилж луйвардахад хамгийн амархан гэж үздэг юмуу байнга луйварчид эргэж тойроостой байдаг.

23 оны Номын баярт "Амударьяа"-гаа дөнгөж гаргаад сууж байтал нэг ах нэрийн хуудас тарааж "Манайх Интэр гэдэг том компани, бид номын хүргэлт зэрэг олон үйл ажиллагаа явуулах гэж байгаа" гэхэд нь нэрийн хуудсыг нь аваад далд хийчихэв.

Баярын дараа нэлээд хүргэлт байсан учир тэр нэрийн хуудсаар залгаж, гэрээсээ хайрцаг дүүрэн ном өгч явуулав. Тэгээд мөнөөх Enhtvwshin Erdenee гэх нэртэй хүнтэй харьцаж эхэлсэн ч сүүлдээ ном ч үгүй болох юм чинээ яаж мэдэх билээ? Цагийн нягтлан Erdenetsatsral Turbat нь яаж ч гуйгаад тооцоо хийдэггүй, очихоор эзгүй, нөгөө номыг минь хүлээж авсан этгээд нягтлан руугаа чихнэ. 670, 700 орчим мянган төгрөгийн ном өгсөн бланк нь байдаг.

Залилуулж буйгаа мэдмэгцээ гүйн очиж тавиурт нь байсан хэдэн номоо авсанаар нягтлан гэх өөдгүй эмэгтэйтэй, нөгөөх ном хүргэнэ гэсэн шийдчихсэн ахтай заргатай үлдэв. Бүр компанийн захирал руу нь ч бичээд нэмэр болсонгүй. Авлага их байсан ч 170 мянган төгрөг авсанаар монголд номын хүргэлт хийх компани байхгүйг ойлгов. Одоо ч гэсэн тэд луйвраа хийсээр, номоо өгсөн зохиолчид ном ч үгүй, хүргэлт ч үгүй болж "хохирсон". "Амударьяа"-гийн хэвлэлийн зардлаа арайхийн шүдээ зууж явж төлөв. Драгонд байрладаг Интэр компани ашгийг нь идчихсэн хэрэг.

Дараа нь кроногийн үеэр дахин нэг сайн хүргэгчтэй болсон ч нөхрөө ажилд явсанаар ажлыг нь үргэжлүүлэх болсон эхнэрийнх нь луйвардах гэж бэрх, үлдсэн номоо хам хум тоолж авсанаар дуугүй хаяв.

Хүргэлтийн компанид хэдэн номоо аваачиж өгтөл "Утасны дугаараас гадна гэрийн хаягийг нь олж өгөх ёстой" гэж хүндрэл учруулав. Хүн рүү залгаад гэрийн хаягийг нь асууж сууна гэдэг ичгэвэртэй, бас тийм зав мөхөсхөн. Номоо авч чадаагүй явж байтал "Лангууны үнэ төл, сард тэд" гэж золигтов. Номоо аваад данс салгав.

Дараа нь мопедитой, машинтай гурван хүргэгчид хандсанаар яг гранат атгачихсан мэт байдалд оров. И. Гүнд 253 мянга, ... гэх залуу 88-ын үлдэгдлээ өгсөнгүй. Тэд номыг минь хүргээд мөнгийг минь өөрийн мэт "цуслана". Солонгоо хойно нь "Үлдэгдлийг минь авчирч өгөөч, мөнгийг минь өгөөч" хэмээн цаг зав, мэдрэлийн эсээ барна.

Харин нэг мундаг эмэгтэй таарсан нь яв цав тооцоо хийж, номын хүргэлтэнд найдахаа болиод байсан итгэлийг минь жаахан сэргээв.

Тэгтэл 8-р ангийн найз бүсгүй маань "Би хүргээд байя" гээд авч явав. Урьдчилж мөнгийг нь авсан хэдэн хүргэлтийг хийсэн ч сүүлдээ мөнгө ч үгүй, ном ч үгүй олон номыг минь хүргээд 40-хөн мянган цаас хялайлгаснаар төгсөв. Narantsetseg -ээс одоо ч үлдэгдэл номоо нэхсээр.

Илгээмжийн үнэ 6900 төгрөг байхад нь Монгол шуудангаар илгээж хэсэг аргацаав. Гэтэл энэ жил нэг ном илгээхэд 10 гаруй мянга болж, холын аймгуудын хүргэлт 20 мянга болох шахав. 30 мянгын ном илгээхийн тулд захиалагчаас 20 мянгын шуудангийн үнийг нэмж авч чадахгүй байдалд хүрэв.

Өөр нэг дэлгүүрт өгөх гэтэл "Бид зөвхөн тэрний тэрний номыг зарна" гэж балайтав.

Миний итгэлийг дааж үлдсэн, олон салбартай номын гурван дэлгүүрийн нэг нь "Дахин уран зохиолын ном авахгүй болж байгаа шүү" гэсээр аравхан ширхэг ном авдаг болов. Түүнээ хөдөө орон нутгийн салбар луугаа хуваарилчихна. Төв болон ихэнх дэлгүүрт үгүй, уншигч хайгаад олохгүй, үлдэгдэл дээр нь холын салбарт ганц хоёр байгаа учир нэмж авахгүй. 9 сард 10 ном өгөөд, 3 сард дахин гуйж байж хэдийг өгнө. Ингэж "багалзуурдуулав". Ерөөс үндэсний уран зохиолчдоо хяхан гаргаж буй нь энэ байх. Өөрсдийн орчуулан гаргасан агуу агуу зүйлсээрээ ашиг олохоор шийдсэн гэмээр. Гадны бестселлер, хөгжлийн номоор лангуу нь хахчихсан, маниусын ном ганц мухарт өрөвдөлтэй хураагдчихсан бна. Тооцоо хийхгүй бүтэн жил гүрийж буй дэлгүүр ч бий.

Монгол зохиолчид хөл дээрээ босож чадахгүй буйн шалтгаан ердөө энэ. Гэрт нь боодол боодол ном байвч дэлгүүрт өгч чадахгүй \тооцоо хийхгүй буй учир өгч чадахгүй болчихсон гэсэн үг\ сууна.

Тэд гэрлээ таслуулж, Шинэ жилээр тоортгүй тормойж, Цагаан сараар хүүхэдээ шинэ хувцас ч авч өгөх ч чадалгүй гайхаширч суугаа нь олон. Нацагдоржийн шагналт зохиолч хүртэл номын тооцоогоо хийж чадахгүй уйлж явна гэсэн.

11 оноос хойш энэ хүрээнд эргэж буй хүний хувьд хэлэхэд Уншигчид нь таван дэлгүүрээр ороод ч хүссэн номоо олдоггүй, номын дэлгүүрүүд нь зохиолчдоо "базчихсан", луйварчид нь "буцалчихсан", хүргэгчид нь улаан цагаан дээрэмчид болчихсон, зохиолчид нь цөхөрчихсөн байдалтай байна.

Монголын номын зах зээл ийм л байна, ийм л....

Бичсэн Шуурайн Солонгоо 2025.03.26

СЭТГЭГДЭЛ Үлдээх