Цахим мэдээ
Ярилцлага

Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 83 хувь нь шүдний өвчлөлтэй байна

Эрүүл мэндийн яам улсын хэмжээнд анх удаа сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэхээр Боловсролын яамтай хамтран зургаан настнууд буюу ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж эхлээд байна.

Зүрхний үзлэгт 2067 сурагч хамрагдсанаас 0.34 хувь нь өөрчлөлттэй, нүдний үзлэгт 5061 сурагч хамрагдсанаас 22.5 хувь нь өөрчлөлттэй, шүдний үзлэгт 815 сурагч хамрагдсанаас 83 хувь нь өвчлөлтэй гараад байна.

Тухайлбал, нүдний үзлэгээр нийт оношлогдсон хүүхдүүдийн дийлэнх нь буюу 88 хувь нь харааны өөрчлөлттэй байснаа огт мэдээгүй байжээ. Тэдгээр хүүхдийн 67 хувь нь холын хараа, 39 хувь нь ойрын хараа, 47 хувь нь стерео харааны өөрчлөлттэй байсан нь эрт илрүүлгийн үзлэгээр тогтоогдсон байна.

Энэ жилийн хувьд эрт илрүүлэгт зөвхөн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн 39 мянган сурагч хамрагдах бол хөдөө орон нутгийн сурагчдыг ирэх жилийн 4 дүгээр сараас хамруулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Судалгаагаар өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн дараах асуудлууд тулгарч байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлсэн.

Тодруулбал, судалгаанд оролцсон хүүхдүүдийн,

– 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг

– 39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй

– 38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй

– 26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа л угаадаг гэжээ.

Мөн эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 77,8 хувь нь шүдний цооролтой байсан нь манай улс хүүхдийнхээ эрүүл мэндэд яаралтай анхаарал хандуулж, тэднийг мэдлэгжүүлж, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулсан.

СЭТГЭГДЭЛ Үлдээх