Цахим мэдээ
Хэн

О.Магнай “хэлмэгдэж байна” хэмээн мэдэгдэв

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагууд, шүүгч, шийдвэр гүйцэтгэгч зэрэг 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч 2025 оны 6-р сарын 19 хүртэл хойшлогдлоо.

Хурал хойшлогдсон шалтгаан нь хохирогч болох Ливан улсын иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан болон НПГ-ын хяналтын прокурор Г.Онолт нар өөр шүүх хуралтай давхцсан учир оролцох боломжгүй гэсэн хүсэлт гаргасан явдал байв.

Хуралдааны үеэр шүүгдэгч О.Магнай “Намайг хэлмэгдүүлж байна. Гэрээ байгуулах үед протокол хөтөлж байсан Майцэцэгийг гэрчээр байлцуулахыг удаа дараа хүссэн боловч прокурор, АТГ хэрэгжүүлээгүй. Үүний улмаас би хэлмэгдэж байна” хэмээн мэдэгдэв. Харин прокурор Г.Ганхөлөг үүний хариуд “Майцэцэгийг гэрчээр байлцуулах шаардлагагүй. Харин шүүгдэгчийн ээж С.Отгонжаргалыг гэрчээр дуудах нь илүү тохиромжтой” гэж мэдэгдсэн байна.

О.Магнайд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн:

  • 13.5-3.1 — Албаны эрх мэдэл, нөлөөг ашиглаж бусдад заналхийлсэн,
  • 17.3-2.2 — Их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан,
  • 18.6-1 — Мөнгө угаасан,
  • 21.2-1 — Худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдээд байгаа.

Түүнийг 2014 онд Ливан улсын иргэнд 300 мянган ам.доллараар зарсан газраа буцаан авах зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд нөлөөлж, 4 тэрбум төгрөгийн өртөгтэй 11 давхар барилгыг 723 сая төгрөгөөр үнэлүүлэн өөрийн эх С.Отгонжаргалын эзэмшлийн “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн хэмээн буруутгаж байна.

Мөн нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуунд нөлөөлж, “Баянцамхаг” компанид хууль бусаар газар эзэмших эрх олгуулсан, УБТЗ-ын газрыг бусдад хууль зөрчин эзэмшүүлсэн зэрэг үйлдлүүдэд ч буруутгагдаж байна.

Шүүх хурал 2025 оны 6-р сарын 19-нд үргэлжлэхээр хойшлогдсон байна.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх