Баянзүрх дүүргийн нутагт таван ханатай гэр шатсаны улмаас дөрвөн хүүхэд нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 4-5-нд шижих шөнө гарлаа. Тус дүүргийн 34 дүгээр хорооны нутаг, “Ээж хайрхан”-ы гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага онцгой байдал, цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 5-ны 01.35 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход залгаж барьсан таван ханатай хоёр гэр шатаж байсныг унтраажээ. Харамсалтай нь, галд өртөж насанд хүрсэн нэг, дөрвөн хүүхэд нас барсныг олж цогцсыг нь гарган, тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна. Тухайн айл нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумд оршин суух бүртгэлтэй ч нийслэлд шилжин ирээд удаагүй, саяхан тухайн хашааг худалдаж авсан Х гэх айл байсан аж. Гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагынхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй юм.
Үүнээс хоёр хоногийн өмнө нэг хүүхэд түлэгдэж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгаж байна. ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд эмчлүүлж байсан хоёр настай хүүхэд энэ сарын 2-ны өглөө нас нөгчсөн гэнэ. Үүний дагуу цагдаагийнхан шалгахад тавдугаар сарын 28-нд Хэнтий аймгийн Хэрлэн сум дахь гэртээ тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн хүүхэд дээрх төвд эмчлүүлж байгаад сэхэл авч чадаагүйг эх сурвалжууд мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх