Цахим мэдээ
Хэн

Ц.Даваасүрэн "Зүгээр нэг удаа орж ирсэн хүнийг Ерөнхий сайд болох ёстой гэж бичээд байгааг харахаар миний нүүр улайж байна..."

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр /2025.06.06/ хуралдаж байна. Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Төрийн өндөр албан тушаал хаших хүн нэгдүгээрт төрд бэлтгэгдсэн байх ёстой. Түүнээс биш хэн нэгний хамаарал бүхий хүн гэдэг байдлаар томилбол улс орны нөхцөл байдал хэцүү хэвээр байна. Тухайлбал, төрийн албаны шат дамжлагыг туулсан, улс төрийн туршлагатай, хат суусан, ноён нуруутай, шуналгүй хүн байх хэрэгтэй.

Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг цаг хугацаа шаарддаг ажил. Зүгээр нэг удаа орж ирсэн хүнийг Ерөнхий сайд болох ёстой гэж бичээд байгааг харахаар миний нүүр улайж байна.

Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг хаших хүн ард түмний итгэлийг хүлээсэн хүн байх ёстой. Ард түмнийгээ гэгээлэг байлгахын тулд тэр хүн сэтгэл зүрхэнд нь хүрсэн хүн байх хэрэгтэй.Энэ албан тушаалд хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ бид бүхэн ярилцана. Гэхдээ өнөөдөр зөвхөн МАН-ын Бага хурлын товоо гаргана.

Шинэ Засгийн газрын сайд нарын тухайд, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Түүнчлэн салбарынхаа асуудалд шийдвэр гаргаж чаддаг хүн хэрэгтэй. Тэрнээс биш аль аятайхан хүнийг тавьчхаад байгаа нь өнөөдөр бидний хөгжихгүй байгаа нэг шалтгаан шүү дээ. Өнөөдөр мэргэжилтний бодлогоор салбар явдаг болчихсон байна. Гэтэл хуучин бол тэр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг, лидер сайд болдог байсан. Өөрөөр хэлбэл, мэргэжилтнүүдийн оруулж ирсэн саналыг шүүн тунгаагаад өөрөө шийдвэр гаргаж чаддаг хүн энэ албан тушаалыг хашдаг байсан. Одоо бол сошиалаар өөрийнхөө нэрийг зарлаад л дурандаа сайд болох гээд гүйлдээд байна шүү дээ. Үүнд гаднаас, дотроос бүрдүүлсэн байх хамаагүй. Өмнө нь гаднаас бүрдүүлж байна гээд өөрсдийгөө дагасан хэдэн жулдрайнуудыг сайдаар тавьчихсан. Тэгэхээр засгийн ажил урагшлахгүй. Тэгэх юм бол дан дээлтэй байгаад ч хэрэггүй.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх