Кардинал Роберт Превост тавдугаар сарын 8-нд Ромын папаар сонгогдож, 1.4 сая католик шашинтны тэргүүн болсон билээ.
АНУ-аас тодорсон пап тэрбээр "Биднийг хөршүүдээс маань тусгаарлаж буй аюулгүй бүсүүд болон улс төрийн үндсэрхэг үзэлд илрэх болсон гадуурхах сэтгэлгээнд орших газар үгүй. Хүмүүс хоорондын хилийг нээж, анги давхарга хоорондын хязгаарлалтыг нураах ёстой. Өөрөөсөө өөр нэгнээс айж, жигшдэг байдлыг таслан зогсоох ёстой" гэсэн юм.
Тэр аль нэг улс болон удирдагчийг тухайлан дурдсангүй. Ням гаригт Гэгээн Петрийн талбайд болсон цуглааны үеэр тэр бурхнаас хил хязгаарыг нээж, хануудыг нураан, үзэн ядалтыг арилгахыг хүсчээ.
Пап лам болохоосоо өмнө тэр Дональд Трампийг ил тод шүүмжилж байв. Дональд Трамп болон түүний дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нарын талаар пап Лео цахим сүлжээндээ хэд хэдэн удаа бичиж байсан. Гэхдээ тухайн цахим хаяг нь пап Леогийн хаяг яг мөн эсэхийг Ватикан баталгаажуулаагүй. "drprevost" нэртэй байсан тус хаяг шинэ пап тодорсны дараа идэвхгүй болжээ.
Өмнөх пап Францисын хувьд 12 жил католик шашинтнуудын тэргүүнээр ажиллахдаа Трампийг хурцаар шүүмжилдэг байв. Цагаачдыг сая саяар нь албадан гаргах Трампийн төлөвлөгөөг тэр гутамшиг гэж нэрлэж байсан билээ. Трампийн цагаачлалын талаарх үзэл баримтлалыг харвал христийн шашинтан биш гэж Ромын пап Францис үздэг байжээ. Тодруулбал, 2016 онд түүнээс Трампийн талаар асуухад "Гүүр биш хана барих тухай л бодож явдаг хүн христчин байх боломжгүй" гэж хэлж байв.
СЭТГЭГДЭЛ Үлдээх