Цахим мэдээ
Яаж

“Өргөө-2”-ыг албадан чөлөөлүүлэх, МТҮП-аас 3.1 тэрбумыг гаргуулах шийдвэрийг хэвээр нь үлдээв

         Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Өргөө-2” кинотеатрын талбайг эзэмшиж буй компаниас нь чөлөөлүүлэх Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП)-ийн нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч, хариуцагч аль аль талынх нь гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ. Тус паркийнхан “Өргөө-2” кинотеатрын эзэмшиж буй 2625 ам метр талбайг “Содмонгол”-ын Ц.Анандбазарын хамааралтай гэгддэг ч эцсийн өмчлөгч нь З.Бямбаа гэх хүний нэр дээр бүртгэлтэй “Ньютур сафарис” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн гэрээнээс учирсан хохирол, зардалд 8.4 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуд нь “Ньютур сафарис” ХХК-ийнхан засаж сайжруулан тохижуулсан зардалд 5.1 тэрбум төгрөг нэхэмжилж хуучнаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан билээ. Уг иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, МТҮП-ийнхан 2012 онд “Ньютур сафарис” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, тус паркийн хойд хэсгийн 2059 ам метр талбайг түрээслүүлж, 2019 оноос жил бүр сунгасаар 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр гэрээг дуусгавар болгосон аж. Гэвч тус компанийнхан талбайгаа чөлөөлж өгөлгүй гурван жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тиймээс МТҮП-ийнхан хууль бусаар ашигласан хэмээн 756.4 сая төгрөг нэхэмжилсэн байна. Мөн төрийн өмчийг зөвшөөрөлгүйгээр дамжуулан “CU сүлжээ дэлгүүр, кофе шоп, хоолны газруудад түрээсэлж орлого олсон гэж 5.4 тэрбумыг нэхэмжилжээ. Ингэхдээ “Ньютур сафарис” ХХК-ийнхан бодитоор 2625 ам метр талбай ашиглаж буй ч гэрээгээр 2059 ам метр талбайн түрээс төлж байсныг МТҮП-ийнхан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байна. Өөрөөр хэлбэл, тус компанийн эзэмшиж буй нийт талбайг чөлөөлүүлж, алданги, МТҮП-ийн хойд жигүүрийн хэвийн үйл ажиллагааг сэргээх, татвар зэрэгт нийт 8.4 тэрбум төгрөг нэхэмжилсэн юм. Харин “Ньютур сафарис” ХХК-ийнхан хариуд нь МТҮП-ийн хойд хэсгийг өөрсдийн 5.1 тэрбум гаруй төгрөгөөр засан сайжруулж, өнөөдрийг хүртэл түрээслэн ашиглаж байгаа хэмээн уг зардлаа гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг хэлэлцээд МТҮП-ийн хойд жигүүрийн 2625 ам метр талбайг “Ньютур сафарис” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, хүлээлгэн өгөхийг даалгаж, тус компаниас 2.3 тэрбум гаруй төгрөг гаргуулж, тус паркад олгуулахаар шийдвэрлэсэн юм. Мөн МТҮП-аас 3.1 тэрбум гаруй төгрөг гаргуулж, дээрх компанид олгуулахаар шийдвэрлэсэн билээ. Уг хэргийг оролцогчдын давж заалдах гомдлыг үндэслэн өчигдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх