Хойд Солонгос улс Пүрэв гаригт /2025.06.19/ олон пуужин харвагч төхөөрөмжөөсөө 10 орчим пуужин харвасныг Өмнөдийн арми мэдэгджээ. Пуужингуудыг Пёньяны ойролцоох Сунан бүсээс баруун хойд зүг рүү харвасан байна. Сунанаас баруун хойд зүгт Шар тэнгис байдаг.
Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын албаныхан үүнд дүн шинжилгээ хийж байна. Хойд Солонгос олон пуужин харвагчаас байнга пуужин харвадаг. Гэхдээ энэ удаагийнх баллистик пуужин биш байсныг Өмнөдийн тал мэдэгдэв.
Өмнөд Солонгос, АНУ, Японы хамтарсан агаарын сургуулилалт Лхагва гаригт болсон. Энэ нь Ли Жэ Мён ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших гурван улсын анхны цэргийн сургуулилалт болж буй. Тус сургуулилалтын дараа Хойд Солонгосын тал ийнхүү пуужингууд харважээ.
Хойд Солонгосын арми 240 мм-ийн олон пуужин харвагч төхөөрөмжтэй болж байгаагаа өнгөрсөн жил мэдэгдсэн. Энэ удаад 240 мм эсвэл 600 мм-ийн олон пуужин харвагчаас пуужин харвасан байж магадгүй.
СЭТГЭГДЭЛ Үлдээх