Олон улсын бүрэлдэхүүнтэй “Axiom-4” (Ax-4) хэмээх сансрын хөлгийн амжилттай хөөрлөө.
Энэтхэгийн Агаарын хүчний ахлах нисгэгч, багийн дарга Шубханшу Шукла уг хөлгийг жолоодож буй бөгөөд ингэснээр сансарт ниссэн хоёр дахь энэтхэг хүн болж байна.
1985 оны аравдугаар сарын 10-нд хойд Энэтхэгийн Лакнау хотод төрсөн Шубханшу Шукла 2006 онд Энэтхэгийн агаарын хүчний сөнөөгч онгоцны нисгэгч болсон бөгөөд өмнө нь 2000 гаруй цагийн нислэгийн туршлагатай нэгэн юм.
Тэрбээр мэдэгдэлдээ “Бид 41 жилийн дараа дахин сансарт ирлээ. Гайхалтай аялал болж байна. Бид одоо дэлхийг секундэд 7.5 км хурдтай тойрон нисэж байна. Миний мөрөн дээр энэтхэгийн далбаа "мандаж" байна. Энэ бол зөвхөн миний ISS руу хийх аяллын эхлэл биш, харин Энэтхэгийн нисгэгчтэй сансрын хөтөлбөрийн эхлэл юм. Бүх энэтхэгчүүдийг энэ аяллын нэг хэсэг болж, бахархал, баяр хөөрөөр дүүрэн байгаарай. Би сансарт зөвхөн тоног төхөөрөмж биш, тэрбум хүний итгэл найдвар, мөрөөдлийг авч явж байна. Бидний нислэг амжилттай болохын төлөө залбираарай” хэмээжээ.
“Энэ бол миний амьдралын гайхамшигтай аялал. Гэхдээ хамгийн сайхан нь одоо л эхэлж байна” гэжээ.
"Ax-4" сансрын хөлөг олон улсын сансрын станц (ISS)-тай 26 гаруй цагийн дараа холбогдох бөгөөд энэ үед багийн дарга Шукла НАСА-гийн тойрог зам дахь лабораторид очсон анхны энэтхэг хүн болно.
Ax-4 нислэгийг НАСА, Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO), Европын сансрын агентлаг (ESA), SpaceX хамтран зохион байгуулж буй бөгөөд нислэгийг АНУ-ын Хьюстон хотод төвтэй “Axiom Space” нэртэй хувийн компани хариуцаж байгаа аж.
Нислэгийн бүрэлдэхүүнд Польшийн Славош Узнаньски-Вишневски, Унгарын Тибор Капу нар мөн багтаж байгаа бөгөөд тэдний хувьд ч гэсэн улс орныхоо сансрын нислэгт оролцож буй нь 40 гаруй жилийн дараах үйл явдал юм. Нисгэгчид хэдэн долоо хоногийн турш тусгаарлагдсан байдалд бэлтгэл хийжээ.
ISRO-ийн мэдээлснээр, ахлах нисгэгч Шуклагийн энэ удаагийн ISS-д хийх туршлага нь тус улсын ирээдүйн сансрын хөтөлбөрүүдэд үнэтэй хувь нэмэр оруулах аж. Тэрбээр 2027 онд Энэтхэгийн анхны хүнтэй сансрын нислэгт оролцохоор өнгөрсөн жил сонгогдсон дөрвөн офицерын нэг байсан юм. Энэтхэг 2035 он гэхэд өөрийн сансрын станц байгуулах, 2040 он гэхэд саран дээр хүн илгээх зорилт тавьжээ. ISRO энэхүү нислэгийн суудал болон сургалтын зардалд 5 тэрбум рупи (ойролцоогоор 59 сая ам.доллар) зарцуулжээ. Хөөрөлтийн дараахан багийн дарга Шукла энэтхэгчүүдэд хандан мэдэгдэл хийсэн.
СЭТГЭГДЭЛ Үлдээх