Украины "F-16" сөнөөгч онгоцны нисгэгч агаарын тулааны үеэр амиа алджээ. ОХУ олон зуун нисгэгчгүй нисэх онгоц, пуужингаар довтлох үед нисгэгч Максым Устыменко амиа алдсан. Максым Устыменко 2014 оноос хойш нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч байжээ.
Нисгэгч Максым Устыменко онгоц доторх бүх зэвсгээ ашиглаж, долоон агаарын байг сөнөөсөн байна. Гэвч сүүлийн байг буудах үед онгоц эвдэрч, өндрөө алдаж эхэлсэн. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд онгоцыг зайнд гаргасан боловч нисгэгч өөрөө осолдохоос нь өмнө үсэрч амжаагүй гэж Украины Агаарын хүчин мэдээлэв.Украин өнгөрсөн оноос АНУ-д үйлдвэрлэсэн "F-16"-г ашиглаж эхэлсэн. Үүнээс хойш гурав дахь "F-16"-аа алдаад байна.
Украины цэргийн шинжээч Роман Свитаны хэлснээр "F-16" онгоцууд байлдааны бүх даалгаврыг гүйцэтгэх чадвар дутмаг байсан. Тус онгоцыг өндөр хурдтай байнуудын эсрэг ашиглахад тохиромжтой боловч нисгэгчгүй онгоцыг төдийлөн сайн няцааж чаддаггүй талаар ярьжээ.
ОХУ зургадугаар сарын 28-29-нд шилжих шөнийн сүүлийн халдлагынхаа үеэр 477 нисгэгчгүй нисэх онгоц, янз бүрийн 60 пуужин хөөргөжээ. Украины хүчин эндээс 211 нисгэгчгүй онгоц болон 38 пуужинг нь няцааж чаджээ.
Халдлагад нийслэл Киев болон Польштой хиллэдэг Львов муж өртөж, орон сууц, дэд бүтэц эвдрэн, 12 орчим хүн шархаджээ.
Зеленский АНУ болон барууны бусад холбоотноос нэмэлт тусламж хүссэн. Тэрбээр "Бид АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах системийг худалдаж авахад бэлэн байна. АНУ, Европ болон бусад бүх түншүүдийнхээ удирдлага, улс төрийн хүсэл зориг, дэмжлэгт найдаж байна" гэсэн юм.
Дашрамд дурдахад, ОХУ өнгөрсөн долоо хоногт нийт 114 пуужин, 1270 нисгэгчгүй нисэх онгоц, 1100 бөмбөгөөр Украинд халджээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх