Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн Бээжин хотноо зургадугаар сарын 28-нд болжээ.
Роботуудыг ажиллуулахад хүний оролцоо огт байгаагүй бөгөөд цэвэр хиймэл оюун ухаанаар ажиллажээ. Тэдэнд суурилуулсан тусгай камерын туслалцаатайгаар бөмбөг болон эргэн тойрноо харна. Мөн унасан тохиолдолд өөрсдөө босч ирэхээр програмчилагджээ. Гэсэн ч зарим тохиолдолд бэртсэн тамирчин адил тэднийг талбайгаас дамжилж гаргах ч шаардлага тулгарч байсан.
2050 он гэхэд Хятад улс 302.3 сая хүн дүрст роботыг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь АНУ-ын 77.7 сая роботыг хол давах үзүүлэлт юм. Тэдгээр роботыг давтамжттай үйлддэг, энгийн бүтэцтэй үйлдвэрийн ажилд дайчилна.
Дэлхийн хүн дүрст роботуудын наадам наймдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Хятадад болно. Энэ хүрээнд гимнастик, хөлбөмбөг зэрэг 11 төрлийн спорт наадам зохион байгуулагдана.
Хүн дүрст роботууд спортын тэмцээн уралдаанд оролцсон тохиолдол ганц үүгээр тогтохгүй. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-нд Бээжин хотод болсон хагас марафонд 21 робот оролцсон. Гэхдээ тэднээс ердөө зургаа нь л тэмцээнээ дуусгаж чаджээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх